Хуримын гоёлоо хичээнгүйлэн зэхэж суусан залуухан бүсгүй баяр хөөр, догдлол бүхнээ уй гашуу, харууслаар сольжээ. Амьдралын хань, насан туршийн хайраа гэж бодож явсан хүнээ хормын дотор алдсан Аманда Мачадо хэмээх энэ бүсгүй онгоцны ослоор амь үрэгдсэн бразил хөлбөмбөгч Денер Ассунсао Бразын сүйт бүсгүй нь юм.
Аманда Мачадо, Денер нар хамтдаа долоон жилийг үдсэн, өнгөрсөн баасан гаригт хуримлахаар бүгдийг төлөвлөөд байжээ. Гэвч гэнэтийн энэ аймшигт осол түүний амьдралыг, хүсэл мөрөөдлийг үгүй хийв. “Энэ тухай сонсоод зүрх минь зогсож, бүхэл ертөнц сүйрэх шиг л болсон. Би түүнтэйгээ хамт үхмээр, өөрийгөө хороочихмоор санагдсан. Түүнгүйгээр амьдрах хүсэл надад алга” хэмээн Аманда нулимс дуслуулан, хоолой чичрүүлэн ярьжээ. “Онгоцонд суухаасаа өмнө Денер над руу мессеж явуулсан байсныг би мэдээгүй. Би түүндээ баяртай ч гэж хэлж чадаагүйдээ хамгийн ихээр шаналж байна”…
Өнгөрсөн даваа гаригт /орон нутгийн цагаар/ болсон ослоос хойш Аманда бусад амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй хамт цэнгэлдэхэд очиж, тэндээс л тайтгарлыг эрж байсан гэнэ. Хамтдаа амьдарч байсан байрандаа очиж, түүнийг санагалзуулах бүхнээс зайлсхийж, аялан тоглолтоор явахдаа захиалаад үлдээсэн бэлгийг нь ч задлахаас эмээж суугаа тухайгаа ярьжээ.
Ослоос амь үрэгдэгсдийн цогцсыг өнгөрсөн бямба гаригт Колумбиас Бразилд авчирсны дараа Аманда төрөлх хот Порто Алегре рүү буцсан байна. Ингэхдээ тэр агаараар явах хурдан хялбар замыг бус автомашинаар зургаан цаг давхих замыг сонгосон гэнэ. Онгоцонд суух зориг дутсандаа тэр…
Аманда хайртай залуугаа алдсан, харин Бразил улс ирээдүйтэй залуу хөлбөмбөгчөө үүрд алджээ. “Тэр хэзээ ч баатар болохыг хүсээгүй, зөвхөн хүндлэгдэхийг л хүсдэг байсан. Тамирчны хувьд ид үедээ гялалзаж явсан сан. Сан Паулугийн хаалганд оруулсан түүний сүүлчийн гоол ямар гайхалтай байсан билээ дээ”. Денерийн талаар сүйт бүсгүй нь ийнхүү дурсчээ.
Түүнд тохиосон уй гашууг хайр дурлалын амтыг зах зухаас нь ч болов амталсан хэн бүхэн сэтгэлийнхээ угаас мэдэрч байгаа байх. Аманда, Денер нар арванхоёрдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөж байсан хуримынхаа алтан бэлзгийг өөрсдийн гараар урласан аж. Харин өдгөө Аманда нэг бөгжийг ядам хуруундаа, нөгөөхийг нь гинжиндээ хэлхээд хүзүүндээ зүүжээ. Амандагийн аврал нь одоо бяцхан хүү Бернардо нь. Денер, Аманда нарын хоёр настай хүү нь одоо түүний амьд явах цорын ганц утга учир болжээ. “Хүү минь аавынхаа төрхийг усны дусал мэт дуурайсан. Бүх зүйл нь адилхан. Бие бялдар, үйл хөдлөл нь хүртэл яг аав шигээ. Тэгэхээр түүний минь нэгээхэн хэсэг хорвоод үлдсэн. Аав нь энэ хорвоо дээр эгэл бус нэгэн байсан гэдгийг хүүдээ мэдрүүлж өсгөх болно” хэмээн Аманда ярьжээ.
С.ШҮР
ЭХ СУРВАЛЖ: CNN