Тайландын Бангкок хотноо Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, өчигдөр /2016.12.04/ өндөрлөлөө. Тэмцээнд 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлж, дэлхийн аваргын дэвжээ Монголоор гоёв.
Саяхан залуу ерөнхийлөгчөөр удирдуулж эхэлсэн Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьж, 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. ДАШТ-д оролцсон тамирчдын талаас илүү хувь нь медальд хүртсэн нь өмнө Монголын спорт, тэр дундаа энэ төрлийн спортын түүхэнд тохиож байсан ховорхон үзүүлэлтийн нэг болж байна.
2016 оны Дэлхийн аваргыг амжилт дүүрэн үдэж буй Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулна. Тиймээс дараа жилийн тэмцээнийг Зохион байгуулах хорооны удирдлага, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Г.Анархүү, ерөнхий нарийн бичгийн дарга Одбаатар нар сая болж өнгөрсөн тэмцээний үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, бэлтгэл ажлын талаар тодорхой зүйлс ярилцжээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид арванхоёрдугаар сарын 6-ны 18.00 цагаас “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух юм байна.
Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм.
Алтан медаль:
- Г.Угалзцэцэг /Эм, атлетик-бие бялдар ангилал/
- А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/
Мөнгөн медаль
- Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/
- Түвшинбаяр /Эр, модел ангилал/
Хүрэл медаль
- Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/
- Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/
- Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/
- Дуламрагчаа /Эр, мастер ангилал/
Эмэгтэйчүүдийн атлетик, бие бялдар ангилалд түрүүлж, Дэлхийн хошой аварга болсон Г.Угалзцэцэггтэй холбогдож, товч ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн хошой аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Өрсөлдөгч нарынхаа тухай юу хэлэх вэ?
-Мэдээж тийм амар байсангүй. Дэлхийн аварга, тивийн аварга цолыг авсан олон тамирчид байсан. Энэ жил миний хувьд аваргаа хамгаалах зорилгоор ирсэн. Олон тамирчид байж, өрсөлдөөн их байсан болохоор үнэндээ тэр тийм байлаа гэж хэлэхэд хэцүү санагдлаа. Эцсийн дүн гарахад аварга болж чадлаа. Өнгөрсөн жилийн тэр мөчийг дахин сонсох сайхан байна.
-Өнгөрсөн жилийн тэмцээнийг эргээд дурсая. Таны хувьд анх удаа ДАШТ-д оролцоод түрүүлж байсан шүү дээ?
-Тэр тэмцээн их сонирхолтой болсон. Би Дэлхийн аваргад оролцохын өмнө Азийн аваргаас хүрэл медальтай ирж байсан. Тийм учраас би өөртөө түрүүлнэ гэсэн итгэлтэй байгаагүй. Үнэндээ хүрэл медаль хүртэж, цомтой л ирье гэж очиж билээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга мөн Тайландад болсон. Тэгсэн тэмцээний дараа “дэлхийн аварга” гэж зарлахад итгэж өгөхгүй байж билээ. Дэлхийн аваргын өрсөлдөөн бол маш хүчтэй болдгийг тэр үед мэдэрч байсан. Тиймээс энэ жил маш сайн бэлтгэж чадлаа. Тэр хэрээр аваргаа хамгаалах зорилготой оролцлоо. Надаас гадна манай баг тамирчид бүгд сайн байлаа. Бид энэ удаагийн дэлхийн аваргаас гурван аваргатай боллоо. Баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна гэв.
…Дэлхийн хошой аварга цолыг хүртсэн Г.Угалзцэцэг энэ жил 37 настай. Тэрээр өдгөө “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, багшилдаг байна.
Г.Угалзцэцэг өнгөрсөн жил бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол энэ жил амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг хүртээд байна.
Саяхан шинэхэн Ерөнхийлөгчтэй болсон Бодибилдинг, фитнессийн холбооны 16 тамирчин Тайландыг зорьсноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг хүртлээ. Тэр дундаа Г.Угалзцэцэг энэ төрлөөс дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байна.
Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.