Нэгэн үе улс төрд өрнөсөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн тухай сэдэв намжиж Хөгжлийн банк гэдэг сэдэв тэргүүн эгнээнд гарч ирлээ. Ардчилсан нам эрх барьж байх 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкаар дамжуулан бондын мөнгийг зарцуулсан нь одоо ийнхүү хэрүүлийн алим болоод байгаа юм. МАН-ын 2016 оны сонгуулийн оноо авах гол сэдвийн нэг нь Хөгжлийн банк байж тууштай “хөгжүүлсээр” одоо оргил цэг дээрээ ирээд байна. Шинэ парламентаас томилсон Ажлын хэсэг тус банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсанаар энэ долоо хоног болон хойшиллоо. Энэ хооронд МАН-ын угшилтай гишүүд болох Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар Хөгжлийн банкины бондын мөнгөнд холбогдолгүйгээ зарлалаа. Энэ нь Ардчилсан намынхны зүгээс мэдээлсэн Хөгжлийн банкны бондын мөнгөнөөс МАН-ынхан ч хүртсэн гэх мэдээллийн хариу байсан юм. Энэ долоо хоногт Ардчилсан намын завсарлаганы хугацаа дуусч Ажлын хэсгийн шалгалтын дүнг Байнгын хороогоор хэлэлцэх байх. Гэхдээ хэлэлцлээ ч иргэд энэ дундаас бодит мэдээлэлтэй үлдэх нь юу л бол.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр ч гэсэн иргэд яг юу болоод өнгөрсөн, одоо юу болж байгаа талаар бодитой мэдээлэл, ойлголттой болж чадаагүй. Нэг талын мэдээллийг нөгөө тал бодит үндэслэл, баримтаар няцаахын оронд өөрт ашигтай мэдээллийг сугалж дуулиан үүсгэдэг саармагжуулах технологид манай улстөрчид гаршиж буй нь энэ юм. Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд өрнөж байсан олон сэдвийн талаар танд ямар мэдээлэл үлдсэн бэ гэдгийг нэг бодоод үзээрэй.
Монголын иргэд мэдээлэл дунд амьдарч байна. Ингэхдээ хоёр туйлт мэдээллийн гол дунд. Нэг хэсэг нь гарч ирээд “энэ бол цагаан өнгөтэй” гэхэд нөгөө хэсэг “энэ бол хар өнгөтэй” гэнэ. Өнөөдөр цагаан гэж сонссон иргэд “аан цагаан өнгөтэй юм байна” гэж бодтол маргааш нөгөө талыг нь сонсоод “цагаан биш хар юм байна” гэж бодох боловч үнэн хэрэгтээ цагаан ч биш, хар ч биш гэдгийг ойлгоогүй учраас саарал өнгөтэй юм байлгүй дээ гэсэн бодолтой хоцорч байна. Нийгэм даяар шуугисан, улс орон, олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн сэдэв болгон дээр иргэд тоймтой мэдээлэлгүй, аль нь бодит болохыг ойлголгүй хоцорч байна.
Улстөрчдийн өөр нэг гаршиж буй технологи бол нийгмийн сүлжээг ашиглах болоод удаж байна. Энэ бол зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн асуудал болсон нь үнэн. Өнгөрсөн сард АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр худал мэдээлэл тараасан цахим сайт, Facebook болоод Twitter-ийн аккаунтууд өөрийн зорилгоо биелүүлж чадсан хэмээн АНУ-ын зарим судалгааны байгууллага дүгнэсэн. Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг худал мэдээлэл тараадаг аккаунт эзэмшигчидтэй тэмцэнэ гэдгээ үүний дараахан мэдэгдсэн.
Монголын хэрэглэгчдийн хувьд нийгмийн сүлжээ нь аливаа мэдээллийн хүчийг сулруулах, саармагжуулах, бас эсрэгээр худлаа дэвэргэж олон нийтийн санаа бодлыг удирдах талбар боллоо. Хэвлэл мэдээлэл мөнгө төлж байсан мөнгөний чамгүй хэсэг одоо олон дагагчтай жиргээчид рүү урсах болсоныг мэддэг хүмүүс нь мэдэж байгаа. Хэний ч эрх ашигт хөтлөгдөхгүй хуулийн зохицуулалттай, энэ үүргээ биелүүлэг хэмээн иргэд халааснаасаа мөнгө төлж буй Олон нийтийн телевиз нь хүртэл улстөрчдийн шүлсээ үсчүүлсэн газар болжээ. Зургадугаар сарын 29-нөөс өмнө З.Энхболд гэдэг хүн эфирийн гол дүр байсан бол одоо М.Энхболд тэргүүтэй МАН-ынхан гол дүр болсон.
Мэдээллийн хар технологид хавчуулагдсан иргэдтэй байх нь хэнд ашигтай вэ? Улс орны эрх ашгаар наймаалцдаг улстөрчдөд ашигтай. Гэхдээ ийм байсаар байх уу гэдэг асуулт байна. Мэдээллийн хар технологийг мэдлэгтэй уншигч, үзэгч л нурааж чадна. Мэдээллийг ойлгох, харьцуулан дүгнэх, шинжлэх боловсрол эзэмшихийг энэ цаг үе шаардаж байна. Жалгаар нэг бөө төрж, тэднээр яаж амьдрахаа заалгаж, түрийвчээрээ хурайлснаар баяжина гэж итгэж байгаа массыг харахад мэдээллийн хар технологийг нураах хол байгаа санагддаг ч тэглээ гээд эвлэрч дуугүй суух нь бүр хор уршигтай.