“Хөлдсөн хотхон”-ы халаалтыг шийджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

“Хөлдсөн хотхон”-ы халаалтыг шийджээ

Таван жилийн хугацаанд төв шугаманд холбогдоогүй, нам даралтын зуухаар арай ядан аргацаасаар өдийг хүрсэн “Могул Таун” хотхоныхон энэ жил халаалтүй өвөлжихөд хүрсэн талаар www.news.mn сайт өнгөрсөн долоо хоногт сурвалжилсан билээ. Улмаар нийслэлийн хамгийн эрсдэлтэй орон сууц, “Хөлдсөн хотхон” гэж цоллуулахад хүрсэн 250 өрхийн асуудлыг нийслэлийн захиргаанаас шийдвэрлэж өгчээ. Ингээд 250 өрх өнгөрөгч бямба гаригаас халаалт, дулаантайгаа золгосон таатай мэдээ ирлээ.

Тус хотхоныхон өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёрхон орон сууц халаах хүчин чадалтай нам даралтын зуухаар дулаанаа аргацааж иржээ. Гэтэл тус хотхонд таван орон сууц бүхий 250 өрхийн 1500 орчим хүн амьдардаг. Хотхоны оршин суугч Ч.Батсайхан “Манайх л гэхэд гэр дотор 5-6 хэмийн л дулаантай байдаг. Зарим айлын цонх нь хөлдөөд бүр мөс болчихсон” гэж учирлаж байсан юм. Энэ хугацаанд 1500 хүн халаалтгүй өвөлжсөн гол шалтгаан нь тус хотхоныг барьсан “Могул Скай”, дулааны шугамыг татсан “MSPD” гэх хоёр компанийн 500 сая төгрөгөөс үүдсэн өр авлагаас эхтэй хэмээн оршин суугчид хэлсэн юм.

Оршин суугчдыг байранд анх оруулахдаа “Могул Скай” компанийнхан “Дараа жилээс төв шугаманд холбож, халаалтыг шийдэж өгнө. Түр зур нам даралтын зуухаар халаана” гэж тайлбарлажээ. Гэвч дулааны компанийн 500 сая төгрөгийн өрийг барагдуулаагүйгээс оршин суугчдаа таван жил халаалт дулаанаар хангаагүй байна. Энэ хугацаанд аргаа барсан оршин суугчид дор хаяж 1-2 халаагуур тавьж дулаацдаг болжээ. Харин халаагуур олноор тавьснаас цахилгааны мөнгө 150 мянгаас доош буудаггүй, мөн цахилгааны хүчдэл нь дийлэхгүй, шийт унаж, шатах аюулд ч орох эрсдэлтэйг хэлж байв. Улмаар энэ асуудлаар нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий менежер, Онцгой байдлын ерөнхий газруудад хандсан байна. Оршин суугчдын хэлснээр, нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, ажлын хэсэг гарган өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлжээ. Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хоёр компанийн захирлуудтай ч уулзалт хийсэн байна. Харин хоёр байгууллагын захирлуудтай уулзалт хийж хооронд нь гэрээ хийлгэж, дулааны асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Мөн оршин суугчдын зөвлөл нь өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан дулааны төлбөрийг төвийн дулаанд холбогдсон цагаас эхлэн ээлж дараатайгаар төлөх шийдэлд хүрсэн байна. Нэн тэргүүнд оршин суугчдын дулааныг шийдвэрлэхээр пүрэв гаригт цахилгаан ЦТП-г холбожээ. Ингээд дулааны хоолойг халааж, халуун уураар утах ажлыг хийж өнгөрөгч бямба гаригаас хотхоны өрхүүдэд халаалтыг бүрэн өгч эхэлсэн байна.

Оршин суугч Г.Хосбаяр “Таван жил олигтой дулаангүй байсан гэр маань халаалттай боллоо. Юун түрүүнд шуурхай ажлын хэсэг гаргаж ажиллуулсан нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөрт оршин суугчдынхаа өмнөөс баярлаж буйгаа хэлмээр байна” гэдгээ дамжуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж