Кейси Стоунер Америкийн гран-прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Кейси Стоунер Америкийн гран-прид түрүүллээ

Өнгөрөгч амралтын өдрөөр мотоциклийн Moto GP ангиллын энэ оны 10 дахь гран-при уралдаан АНУ-д боллоо. Эцсийн мөчид ялагч нь тодорсон уралдааны төгсгөлд “Рэпсол Хонда” “Ямаха”-гаас илүү хүчтэй байгааг батлан харууллаа.

Америкийн гарааг Кейси Стоунер нийлбэр дүнг тэргүүлсэн амжилттайгаар, Хорхе Лоренцо тэргүүн эгнээнд зогссон байдалтайгаар эхлүүлсэн. Лагуна Сека тойргуулгад болсон гран-пригийн эхний эргэлтээс Лоренцо тэргүүллээ хадгалж гарсан бол Дени Педроза, Стоунерийг ардаа хийжээ. Долоо дахь тойрогт Марко Симонселли осолдож, замаа дуусгасан байна. Зам цэвэр болсны дараачаар өрсөлдөөн эхэлсэн. “Хонда”-гийн хоёр мотоциклчоос байрлалаа хамгаалах хүндхэн даалгавартай уралдсан Лоренцо 27 тойрог хүртэл өмнөө хэнийг ч гараагүй. 18 дахь тойрогт Стоунер, багийн анд Педрозаг гүйцэж түрүүлснээр “Хонда”-гийн гражид уур амьсгал ширүүсчээ. Гэсэн ч энэ бүхэн Стоунерт саад болсонгүй. Тэрбээр 27 дахь тойрогт Лоренцог ардаа хийж чадсанаар энэ улирлын тав дахь түрүүгээ авсан юм. 43 минут, 54,145 секундээр Стоунер ялагч болсон бол түүний ард Лоренцо, багийн анд Дэни Педроза гуравт бичигджээ. Валентино Росси зургадугаарт орж, уралдааныг дуусгасан байна. Ингэснээр Стоунер 193 оноотой тэмцээнийг тэргүүлсэн хэвээр үлдэж, Лоренцо түүнээс 20 оноо дутуу нэхэж байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж