Мөсөн гулгуурын талбай нэмэгдсээр

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Мөсөн гулгуурын талбай нэмэгдсээр

нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах VI сургуулийн арын талбайд олон улсын стандартад нийцсэн хоккейн талбайг өнгөрөгч долоо хоногт ашиглалтад оруулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан өвлийн спортыг хөгжүүлэх төслийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын тамгын газар, хоккейн “Билэгт хүү” клуб, VI сургууль хамтран 30х60 метрийн хэмжээтэй талбайд сонирхогч болон мэргэжлийн тамирчид бэлтгэл хийх боломжтой болжээ. Энд зөвхөн хоккейн бэлтгэлийг хийгээд зогсохгүй уран гулгалт, тэшүүр, шорт-трекийн бэлтгэлийг ч хийх боломжтой аж. Харин энэхүү хоккейн талбайн нийт өртөг 240 орчим сая төгрөгийн төсвийн хөрөнгөөр баригджээ.

Шинэ талбайд шорт-трекийн тамирчид бэлтгэл хийх бүрэн боломжтой аж.

Энэхүү шинэ талбайд бэлтгэл хийж байгаа тамирчдын сэтгэгдлийг сонслоо. Монгол, Солонгосын политехникийн сургуулийн 12-р ангийн сурагч, спортын мастер Т.Сансарбилэг, Д.Алтансүх нар хэлэхдээ “Нийслэлд шинэ талбай нэмэгдэж байгаад баяртай байна. Өвлийн спортын тамирчдын хувьд бэлтгэл хийх хүндрэлтэй талууд байдаг. Мэдээж бид бэлтгэлээ сайн хийж амжилтаа ахиулах учиртай. Энэ удаагийн шинэ талбай боломжийн санагдлаа. Энд шорт-трекийн бэлтгэлийг хийхэд боломжийн санагдсан. Бид энэ төрлийг сонгосон учраас шинэ талбай үр дүнгээ өгөх байх. Харин гүйлтийн тэшүүрийн бэлтгэлийг хийхэд жижиг санагдлаа. Хоккейн тамирчдын хувьд бүр илүү сайхан санагдаж байгаа. Өвлийн спортын талбай нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Монгол, Солонгосын политехникийн сургуулийн 12-р ангийн сурагч, спортын мастер Т.Сансарбилэг, Д.Алтансүх

Улаанбаатар хотод одоогоор хоккейн задгай талбай хэд хэд бий. III-IV хороололд байрлах “Билэгт хүү”, 52-р сургууль, Баянзүрх дүүргийн 15-р хороолол /Жуков/, 28-р хороолол /Хужирбулан/, Цэцэрлэгт хүрээлэн болон Нүхтэд хоккейн талбай байдаг. Эдгээрээс зөвхөн “Билэгт хүү”-д хоккейн лигийн тоглолт болдог. Харин битүү дээвэртэй хоккейн ганц талбай байдаг нь “Хүннү малл” төвд байрлах бөгөөд тэнд хоккейн тамирчдаас гадна тэшүүр, шорт-трекийн тамирчид бэлтгэлээ хангадаг билээ.

БЭЙСБОЛЫН ТАЛБАЙ МӨСӨН ГУЛГУУР БОЛЛОО

Монголын тэшүүрийн холбооноос өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн Бэйсболын талбайг мөсөн гулгуур болгожээ. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэшүүрийн спортыг хөгжүүлэх зорилготойгоор энэ ажлыг санаачилсан байна. Энэхүү мөсөн гулгуурын талбайг мөн өнгөрөгч долоо хоногт ашиглалтад оруулжээ. Тус гулгуурын гүйлтийн тойрог 250 метр учир тэшүүрийн спортын бэлтгэлийг хийхэд илүү тохиромжтой аж.

Төв цэнгэлдэхийн хажууд байрлах Бэйсболын талбай мөсөн гулгууртай болж, тэшүүрээр гулгагчдыг хүлээж байгаа аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж