Ардчилсан намын VI Их хурал өчигдөр хаалттай горимоор үргэлжиллээ. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, шинээр дахин байгуулах нөхцөлд шууд сонгогдох гишүүдэд өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д байсан гишүүд, мөн намын дарга, удирдлагууд багтаахаар заасныг хариуцлагагүй үйлдэл гэж Их хурлын гишүүд шүүмжилж байна. Бүрэн эрх нь дуусгавар болсон тэдгээр гишүүд дунд намынхаа нэр хүндийг навс унагасан, намаа сонгуульд ялагдалд хүргэсэн гээд хариуцлага тооцох ёстой гишүүд олон байтал тэднийг ҮЗХ-нд шууд сонгох нь шударга бус гэж мэдэгдэж байна.
Ардчилсан намын VI Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өчигдөр /2016.12.07/ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр “Ардчилсан нам энэ Их хурлаар юуг их онцолж харж байна вэ гэвэл ирээдүйнхээ чиг хандлага, үзэл баримтлал, зохион байгуулалтыг яаж авч явах юм бэ гэдэг туйлын тулгамдсан асуудал учраас намын дотоод үзэл баримтлал зохион байгуулалтын шинэчлэл бол үйл явц юм гэж харж байгаа. Ардчилсан намын шинэчлэл 2017 он хүртэл үргэлжилнэ гэж онцолж хэлсэн нь ийм учиртай” гэжээ.
“Найман шарга” валютын зах дээр өчигдөр нэг ам.доллар 2478 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2479-2480 төгрөгөөр арилжаалж байгаа юм. Өнгөрсөн сарын 10-ны орой ченжүүдийн гар дээр байсан ам.доллар 2720 төгрөгт хүрч Засгийн газар, Монголбанкыг сандралд оруулсан. Тэгвэл энэ сард валютын ханш харьцангуй тогтвортой байна.
Даатгалын компаниуд энэ оны эхний гурван улиралд нийт 633 гаруй иргэд албан байгууллагатай даатгалын гэрээ байгуулж, 88.7 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, үүнийхээ 30.3 хувийг давхар даатгалын хураамжид зарцуулжээ. Хураамжийн орлогын 1.0 хувийг амьдралын даатгалын компани, үлдсэн 99 хувийг ердийн даатгалын компаниуд төвлөрүүлсэн байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сард Монгол Улс малаа тоолдог. Тиймээс өчигдрөөс /2016.12.07/ улс даяар мал тооллого нэгэн зэрэг эхэллээ. Өнгөрсөн жил Монгол Улс 60 сая гаруй толгой мал тоолуулсан. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар малын тоо толгой тогтмол өсөлттэй байгаа билээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 7-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд орон нутгийн замд зорчих тээвэрчид, жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Нялхсын эндэгдлийн 15 хувь нь хатгалгаа, ялангуяа уушгины хатгалгаагаас болж байгааг сүүлийн үеийн судалгаа харуулах болжээ. Ханиад хүндэрч хатгалгаа болоход нөлөөлж буй гол хүчин зүйл нь агаарын бохирдол хэмээн эмч нар тайлбарлаж байна. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл уушгины хатгалгаанаас болж байгаа талаар эмч нар мэдээлжээ.
УБЦТС-ний ажилтан өндөр хүчдэлийн трансформаторт даруулж, гэмтсэн хэрэг гарчээ. УБЦТСүлжээ ТӨХК-ийн цахилгаанчин 22 настай Д гэгчийг Сургуулийн 37 дугаар гудамжны цахилгааны шугам шалгаж байх үед дээр нь трансформатор унаж гэмтсэн байна. Одоогоор түүнийг ГССҮТ-д хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэс шалгаж байна.