Алтан медальтнууд эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Алтан медальтнууд эх орондоо ирлээ

Тайландын Бангкок хотноо болсон Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Дэлхийн 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг 16 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож, 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Дэлхийн аваргад амжилттай оролцсон баг тамирчид мягмар гаригт эх орондоо ирсэн.

2016 оны Дэлхийн аваргыг амжилт дүүрэн үдэж буй Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулна. Тиймээс тэд энэ удаагийн дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлж, Азийн орнуудаас шилдэг амжилтуудыг үзүүлж чадлаа.

БАГ ТАМИРЧИД АМЖИЛТАА АХИУЛЛАА

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэхүү тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, мастерсийн ангилалд зэрэг болдгоороо онцлогтой. Манай баг тамирчдаас насанд хүрэгчдийн ангилалд хамгийн олон буюу 13 тамирчин өрсөлдсөн бол залуучуудад хоёр, мастерт нэг тамирчин оролцсон. Тэгвэл тэд багаараа гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртсэн.

2015 оны дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Г.Угалзцэцэг аварга цолоо баталсан бол Б.Бадамсүрэн, А.Ичинноров нар ангилалдаа түрүүлсэн.

Мөн энэ удаагийн ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажилласан юм.

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Г.УГАЛЗЦЭЦЭГ

БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН 2017 ОНЫ ДАШТ МОНГОЛД БОЛНО

Саяхан шинэхэн Ерөнхийлөгчтэй болсон тус холбоо 2017 онд олон тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар болсон. Жил бүр болдог хот, улсын аваргын тэмцээнийг өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус спортыг үзэгчдэд илүү ойр байлгах үүднээс сонирхолтой хэлбэрээр хийхээс гадна шагналын санг өндөр хэмжээнд байлгах аж. Мөн анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. 60 орны тамирчид оролцох Бодибилдинг, фитнессийн ДАШТ Улаанбаатар хотноо 2017 оны аравдугаар сарын 3-9-ний өдөр болох аж.


Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм. 

ДҮН:

Алтан медаль:

  • Г.Угалзцэцэг  /Эм, атлетик-бие бялдар ангилал/ 
  • Б.Бадамсүрэн /Эм,  атлетик-бие бялдар ангилал/ 
  • А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/

Мөнгөн медаль

  • Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/
  • Түвшинбаяр /Эр, модел ангилал/

Хүрэл медаль

  • Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/
  • Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/
  • Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/
  • Дуламрагчаа /Эр, мастер ангилал/

ТАМИРЧДЫН СЭТГЭГДЭЛ БОЛОН ФОТО АГШНЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

Ч.ЧУЛУУНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж