Г.Ганхүү: Өмнөд туйлд сонин зүйл их бий

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Г.Ганхүү: Өмнөд туйлд сонин зүйл их бий

Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр болсон билээ. Тэрээр энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордох болсон учраас өнгөрөгч даваа гаригт/2016.12.05/ хэвлэл мэдээлэл, ивээн тэтгэгч, болон спортын холбоодын төлөөлөлтэй уулзаж, үдэлтийн бяцхан арга хэмжээг хийсэн юм. Энэ үеэр түүний хүндтэй зочдын дунд Винсон Массиф ууланд анхлан гарсан уулын спортын мастер Гэндэндарамын Ганхүү байсан. Тэрээр энэ үеэр өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Бид түүнийг “Шар айраг” хамтлагийн дуучин, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь сайн мэдэх билээ.

Г.ГАНХҮҮ: ТЭНД ХЭЗЭЭ Ч НАР ЖАРГАДАГГҮЙ. ҮНЭХЭЭР СОНИН ТИВ ШҮҮ

Үнэндээ намайг Антарктид тивд очсон гэхэд олон хүн гайхдаг. Гэхдээ тухайн үед миний очиж үзэх ёстой газрын нэг байсан болохоор очиж байсан. Антарктид тивд очоод буцаад ирэхэд 40 гаруй хоногийг зарцуулсан. Тухайн үед туршлага багатай байсныг хэлэх үү. Ямар ч байсан цааш уул руу явахын тулд бас цаг хугацааг хүлээсэн үе бий. Өөрөөр хэлбэл, 20 гаруй хоног буудлаар явсан тохиолдол байгаа. Би туршлагатай муутай байснаас наана нэг хотод саатсан. Гэхдээ тухайн үед гурван орос, хоёр америк, итали, украин улсын уулчдын багт би багтсан. Манай багт 10 орчим хүн байсан. Винсон Массиф ууланд авирахын тулд арванхоёрдугаар сарыг ихэвчлэн сонгодог. Яагаад гэхээр Антарктид тивд зуны улирал болж байгаа үе. Гэхдээ л ууландаа -30 хэмийн хүйтэн байна. Энэ удаа Гангаамаа Оросын багийг түшиглэн явж байгаад баяртай байна. Би тэр ууланд очсон юм чинь манай Гангаамаа бол саадгүй хүрнэ. Гэхдээ бас ямар ч уулыг бас ч болдоггүй. Би Винсон Массиф ууланд гарахаас өмнө Африкийн Климанжаро уулын ноён оргил гарчихсан байсан. Үнэндээ Антарктид тив дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр бөгөөд агаар нь тунгалаг. Тэнд хэзээ ч нар жаргадаггүй. Үнэхээр сонин тив шүү." гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Антарктид тивд урьд нь монголоос цаг уурч, судлаачид очдог байсан. Монголын цаг уурчил 1972 оноос эхлэн тэнд судалгаа, шинжилгээний ажил хийж байжээ. Өөрөөр хэлбэл, 1972 Ж.Цэрэндэлэг, 1982 онд Д.Чулуунбат, 2007 онд А.Батболд, 2012 онд Л.Дүгэржав, 2013 онд Д.Ганбаатар, 2014 онд Х.Пүрэвдагва, 2015 онд Д.Батмөнх нар Антарктид тивийг зорьж байсан байна. Тэгвэл 2009 онд уулын спортын мастер Г.Ганхүү очсоноороо өмнөд туйлд очсон найман монголын нэг билээ.

Сануулахад Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр болсон. Тэрээр энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордож, 15-ны өдрөөс эхлэн Оросын багтай авиралтаа эхлүүлэхээр болсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж