Залуус ясны сийрэгжилтэд өртөх нь эрс нэмэгджээ. Учир нь ам цангавал хийжүүлсэн ундаа, гэдэс өлсвөл тамхи татчихдаг гэхэд хилсдэхгүй болсонтой холбоотой аж. Энэ нь өвлийн цагт, хальтиргаа гулгаа ихэссэн өнөө үед илүү мэдрэгддэг байна. Жишээ нь, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх “Мед Траума” эмнэлэг гэмтэл бэртэл, ясны сийрэгжилтийн оношлогоо, зөвлөгөөг иргэдэд үнэгүй үзүүлээд гурван долоо хоножээ. Энэ хугацаанд хальтирч унасан, авто осолд орсон, гэртээ гэмтсэн гэх гурван шалтгаанаар иргэд голчлон хандсан байна.
Нэг өдөрт л гэхэд 10 гаруй хүн оношлогоо хийлгэж, зөвлөгөө авахад тэдний дийлэнх нь залуус байгаа гэлээ. Ялангуяа хальт гишгээд л хүнд гэмтсэн, хөнгөн бэртсэн ч хөл нь хугарсан өвчтөн ирэх болжээ. Энэ нь ясны эдийн нягтрал муу буюу ясны сийрэгжилттэй болсонтой холбоотой аж.
Уг нь физиологийн үүднээс эмэгтэй хүн 48, эрэгтэй хүн 58 нас хүрээд ясны сийрэгжилтэд өртөх магадлалтай. Гэвч залуус буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөний хомсдол, амин дэмийн дутагдлаас үүдэн ясны сийрэгжилтэд эрт өртөх болжээ. “Мон Химо” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эмч Б.Өнөрцэцэгийн хэлж буйгаар хийжүүлсэн ундааны хэрэглээ өндөр бол амин дэмтэй хоол яаж ч идээд тэжээл болдоггүй аж. Хийжүүлсн ундаа их хэрэглэвэл хоолноос авч буй кальци нь гэдэсний хана руу шимэгддэггүй юм байна. Ингээд ясны сийрэгжилт үүсгэдэг гэлээ.
Тэрбээр “Хадуулаад хадаасаа аваад 2-3 жил болсон ч эдгэрдэггүй. Ясны эдгэрэлт удаан, бороолдоггүй залуус олон байна. Улмаар таяганд орсон залуу хүмүүс ч ирж байна. Энэ нь мөн л нөгөө ясны сийрэгжилттэй холбоотой. Үүнээс гадна монголчуудад Д амин дэмийн дутагдал их байдаг. Амин дэм, нэмэгдэл хүнс хэрэглэсэн ч ясны бэхжилт муу хүн бий. Тэр тохиолдол бүрд тухайн шалтгааныг нь хэлж, зөвлөгөө өгч ажиллаж байна” гэлээ. “Мед Траума” эмнэлгийн хувьд гэмтэл бэртэл авсан иргэдэд оношлогоо, зөвлөгөө үнэгүй өгөх “Ясны эрсдэлийг бууруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд иргэдэд ясны хугарал, бяцралт, цууралттай иргэдийг ясны сийрэгжилтийн оношлогоонд үнэгүй хамруулж эхэлжээ.
Уг нь хийжүүлсэн ундаа, архи тамхи ихээр хэрэглэдэг, хөдөлгөөний хомсдолтой иргэд жилдээ нэг удаа ясны сийрэгжилтийн оношлогоонд орж эмчлүүлэх шаардлагатай байдаг гэлээ. Гэвч ихэнх иргэд гэмтэж бэртэж, тэр нь хүндрэхээс нааш шинжилгээнд хамрагддаггүй хайхрамжгүй ханддаг гэдгийг эмч нар хэлж байна. Үүнээс гадна иргэд гэмтчихээд тэр дороо эмнэлэгт ханддаггүйгээс улам даамжирдаг гэлээ. Тухайн үедээ тоохгүй явж, дараа нь хавдаж, хүндрээд ирэхээр л эмнэлэгт ханддаг байна. Энэ нь цаг хугацаа алдах, гэмтлийн эдгэрэх хугацаа удаашрах шалтгаан болдог аж. Тиймээс иргэд их, бага хэмжээгээр гэмтсэн л бол рентген зургаа авахуулж, оношлуулах хэрэгтэй гэдгийг санууллаа.
“Мон Химо” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эмч Б.Өнөрцэцэг “Эмэгтэйчүүдийн хувьд амин дэм дутагдаад ирэхээр үс нь унаж, хумс нь хугарч мэдрэгддэг. Мөн ойр ойрхон төрсөн хөхүүл эхчүүд кальци ихээр алдаж, яс нь сийрэгждэг. Тиймээс энэ тохиолдолд кальциа нөхөж, хоолны нэмэлт тэжээл хэрэглэх хэрэгтэй. Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд ясны сийрэгжилтийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” гэлээ.
Гол нь иргэд ядаж долоо хоногтоо нэг ууланд алхаж, цэвэр агаарт гарч, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, хийжүүлсэн ундаа, тамхины хэрэглээгээ бууруулах нь ясны сийрэгжилтээс сэргийлэх томоохон үр дүнтэй арга гэдгийг сануулж байна. Мөн жилдээ нэг удаа ясны сийрэгжилтийн оношлогоонд орж, шаардлагатай амин дэмээ нөхөх нь ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй хэрэг гэдгийг эмч нар санууллаа.
Б.ЗАЯА
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ