Хил хязгааргүй сэтгүүлчид хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс гурван сарын хугацаанд “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хөрөнгө оруулагчдыг” тодорхойлох судалгаа явуулж, өнөөдөр олон нийтэд /2016.12.08/ танилцууллаа. Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл, судалгааны албаны дарга Г.Гүнжидмаагийн мэдээлж буйгаар судалгааг 11 телевиз, зургаан радио, 10 сайт, 12 сонинд гурван сарын хугацаанд явуулсан байна. Мэдээллийн хэрэгслийг тогтмол мэдээллээ шинэчилдэг, хүртээмжтэй, үр нөлөөтэй гэх зэрэг шалгуураар үнэлж сонгожээ.
Судалгааны үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь улс төрийн хамааралтай байгааг илрүүлжээ. Ингэхдээ тухайн улс төрөөс хамааралтай эзэмшигч нь хувийн бизнесийн өндөр ашиг сонирхолтой юм байна. Өөрөөр хэлбэл, энэ судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн салбарыг бизнес, улс төрийнхөн эзэмшсэнийг бодитойгоор харуулжээ.
Мөн энэ судалгаагаар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, төвлөрлийн түвшнийг тодорхойлсон байна. Судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын 89 хувь нь “идэвхтэй, ил тод байдал”-ын болзлыг хангаагүй гэжээ. Өөрөөр хэлбэл, эзэмшлийн бүтэц, удирдах бүрэлдэхүүнийхээ талаар мэдээллийг өөрийн санаачлагаар ил тод болгодоггүй гэсэн үг. Харин үлдсэн 11 хувь нь л эзэд, хөрөнгө оруулагч, хувь хэмжээг зарладаг байна.
Гол нь, хэвлэл мэдээллийн эздийн ил тод байдлыг хангахад эрхзүйн зохицуулалт дутмаг байгааг салбарынхан энэ үеэр онцоллоо. Жишээ нь, зөвхөн өргөн нэвтрүүлгийн байгууллага буюу радио, телевизийн салбарыг л Харилцаа холбооны зохицуулах хорооны журмаар “Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хөрөнгө оруулагчийг ил тод байлгах” шаардлага тавьдаг. Харин сонин, цахим сайтуудын хувьд энэ төрлийн эрхзүйн зохицуулалт байдаггүй аж. Тиймээс ч сонин, цахим сайтын салбарт төвлөрөл өндөр гарсныг дуулгалаа. Харин телевиз, радиогийн салбарт төвлөрөл дунд түвшинд байгаа аж.
Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Цаашид Монгол Улсад олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг бий болгохын тулд төвлөрлөөс зайлшгүй урьдчилан сэргийлэх шаардлагатай. Ийм зохицуулалт хийхгүй тохиолдолд биднийг мэдээгүй байхад хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь аль нэг улс төр, эдийн засгийн бүлэглэл эзэмшиж, хяналтаа тогтоосон байх эрсдэл бий. Энэ эрсдэл бодитой гэдгийг тус судалгааны дүн харууллаа. Зөвхөн Монголоос гадна олон улсад хэвлэл мэдээллийн төвлөрөл гэх асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ Монголын онцлог нь салбарт улс төрийн нөлөөлөл маш өндөр байна. Бусад улс оронд эдийн засгийн, компанийн асуудал байдаг” хэмээн ярьсан юм.
Мөн энэ үеэр “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын дэд захирал Олаф Штенфадт “Надад хэд хэдэн асуулт ирсний нэг нь “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших нь гэмт хэрэг үү?” гэсэн. Мэдээж гэмт хэрэг биш. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбар гэдэг бизнесийн бусад салбараас ялгаатай. Нийгэмд цацагдаж буй баримт мэдээллийг хэрхэн хүлээж авах иргэдийн хандлага, байр суурь, үзэл бодолд нөлөөлж байдаг. Тиймээс мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд улс төрийн зүгээс нөлөөлөх нь олон ургальч нийгмийн хөгжилд тушаа болдог” хэмээн онцоллоо.
Үүнээс гадна Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон ургальч байдлыг дээрх судалгаанд 10 шалгуураар үнэлжээ. Ингэхэд дийлэнх шалгуураар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын олон ургальч байдал эрсдэл өндөртэй гэх дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны хүрээнд, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, хөрөнгө оруулагч, эздийг цаг тухайд нь шинэчлэн мэдээлэх www.mongolia.mom-rsf.org сайтыг өнөөдрөөс ажиллуулж эхэлжээ. Тус сайтаас Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэдтэй холбоотой буюу тус судалгааны үр дүн мэдээллийг авна уу.
Дашрамд дуулгахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар Монгол Улсад 485 мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 69 радио, 98 сайт, 101 сонин, 86 сэтгүүл байгаа аж.
Тус судалгааны тайланд дурьдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшиж буй улстөрч, болон УИХ-ын гишүүн байсан хүмүүс:
Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ – “Үндэсний мэдээ” сонин
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү – “NTV” телевиз, www.time.mn сайт
УИХ-ын гишүүн асан Д.Туяа – “Монгол ньюс” агентлаг, MN25 телевиз
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл – “TV5” телевиз
УИХ-ын гишүүн асан С.Болдхэт – “SBN “телевиз
“Мобиком” корпораци – “Монгол контент”, www.gogo.mn сайт
Монгол улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа – “TV9” телевиз, “Зууны мэдээ” сонин
Монгол Ардын нам – “Монголын үнэн сонин”
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.ЭНХБАТ