Баллондор шагналын тухай Пирло юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Баллондор шагналын тухай Пирло юу хэлэв

Италийн нэрт хөлбөмбөгчин, "Маэстро", "Моцарт" хэмээн олноо алдаршсан Андрео Пирлогийн намтар ном өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь Монголын спортын тэргүүлэх вэбсайт СиСпортс.мн үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарч байгаа бөгөөд сэтгүүлч Г.Баярсайхан орчуулсан юм. "Би сэтгэдэг учраас тоглодог" номоос та Андреа Пирлогийн 1990-ээд оны эхнээс 2014 он хүртэлх хөлбөмбөгчний баялаг замналын тухай буюу AC Милан, Ювентус, Интер Милан клубууд, Италийн үндэсний шигшээ багийн талаар сонирхолтой зүйлсийг унших болно.

Танд А.Пирлогийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах ёслолын ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцсан бүлгийн хэсгээс танилцуулж байна.


“БИ СЭТГЭДЭГ УЧРААС ТОГЛОДОГ” НОМЫН ХЭСГЭЭС: БАЛЛОНДОР ШАГНАЛЫН ТУХАЙ АНДРЕА ПИРЛО ЮУ ХЭЛЭВ?

  • АРАВДУГААР БҮЛГЭЭС

Тасартлаа ууж, назгай шоудаж байсан тохиолдол надад цөөнгүй бий. Тэр бүрийдээ толины өмнө зогсоод шаргал үс, цэнхэр нүдтэй, нуруулаг, царайлаг Пирлог олж хардаг байлаа. Зарим үед Интерийн ороолтоо (эсвэл Миланы үзэг) чулуудаж орхиод загварын тайзан дээр алхмаар санагддаг байснаа ч нуугаад яахав.

Ер нь аварга болж, их ажлын ард гарсны дараа нохой гурав харагдтал уухад буруу юу байна. Харин ялагдлаа гээд өөрийгөө шагнаж уудаг хүмүүсийг би огт ойлгодоггүй юм. Тэгсэнд орвол гаргасан алдаагаа тунгааж, ухаан санаагаа цэгцэлбэл дээрсэн. Учир нь ялалт байгуулсан хүнд тэгэх боломж олдодгүй юм. Баяраа тэмдэглэж, дарс хундагалаад юун тэгж бодож тунгааж суухтай манатай.

Баллон д'Орын шагнал гардуулах ёслолоос үүний баталгааг харж болно. Хөлбөмбөгчний хувиар авч болох хамгийн том, нэр хүндтэй энэ шагналыг өөрийн болгож үзээгүйдээ хямарсан тохиолдол надад үгүй. Гарцаагүй илүү хэн нэгэн заавал гарч ирдэг болохоор би мөрөө хавчаад л өнгөрдөг юм.

Тухайлбал 2012 онд Европын аваргын финалд үлдэж, Скудетто өргөсөн хэрнээ Дэлхийн шилдгийн санал хураалтаас би ердөө 2.66 хувь цуглуулж байлаа. Үндсэндээ хэний ч дэмжлэгийг аваагүй гэсэн үг. Месси 41.6 хувиар илүүрхэж, араас нь Роналду (Португал), Иньеста, Шави, Фалькао, Касильяс гэсэн дарааллаар бичигдэж байсан юм. Гэхдээ би гомдол эрэх гэсэнгүй. Тэр жил Месси үнэхээр номер нэг байсан.

Өмнөх гурван жилд ч түүнтэй эн зэрэгцэх нэгэн байгаагүй. Пранделли, Буффон хоёр миний нэрийг дугуйлсан хэдий ч санал өгөх эрхтэй байсан бол би лавтай олны жишгийг дагаж Мессиг дэмжих байлаа. Бусдыг өөртөө татаж чадахуйц хүчтэй харизма түүнээс тод мэдрэгддэг юм. Дээр нь топ түвшний формоо тийм удаан хадгална гэдэг жирийн хүний хэрээс хэтийдсэн явдал.

Криштиану Роналду, Лионель Месси хоёрыг байгаа цагт бусад нь Баллон д'Орын талаар мартаж болно. Ямартай ч би хувь тавилантайгаа альхэдийнэ эвлэрч энэ шагналын талаарх бодлоо таягдаад удаж байна. Миний хувьд дэндүү алслагдсан холын мөрөөдөл шиг санагддаг юм.

Гэхдээ миний анзаарснаар санал өгөх эрхтэй шигшээ багийн менежер, багийн ахлагч болон спортын сэтгүүлчид мэргэн буучдад үргэлж бусад байрлалын тоглогчдоос илүү талтай ханддаг. Довтлогчийг хөлбөмбөгийн хамгийн чухал байрлал гэсэн хэвшмэл ойлголтын нөлөө ч үүнд шингэсэн байх. 2006 оны “Хаан” Каннаваро шиг маргаангүй гоц сондгойрохоос бусад тохиолдолд энэ шагналыг хаалгач, хамгаалагч өөрийн болгоно гэхэд надад үнэмшилгүй санагддаг болоод удаж байна. Уг нь бол бөмбөг эсрэг талын хаалганы шугамыг давах хүртлээ багийн бүх гишүүдийн хөлөөр дамждаг. Тэгэхээр хамгийн сүүлд бөмбөгөнд хөлөө хүргэсэн ганцхан тоглогчид бүх алдар гавьяаг нялзаах нь утгагүй хэрэг. Бүр дэндүү шударга бус.

Ялангуяа гоолын дамжуулалтыг дурсахгүй өнгөрөх нь элбэг. Сүүлийн дамжуулалтгүйгээр гоол орохгүй гэдэг хамгийн энгийн өгөгдлийг хүртэл хүмүүс санал өгөх хуудас бөглөхдөө мартдаг нь хачирхалтай.

Жилд ганцхан болдог тэр ФИФА-гийн гял цал болсон шагнал гардуулах ёслолыг би хэзээ ч бүтнээр нь үзэж байгаагүй. Сувгаа Sky Sports дээр тааруулж орхиод өөр юм хийнгээ чих тавих төдийгөөс хэтэрдэггүй юм. Санал хураалтын долоод ордог жилээ ч гэсэн тийм байдлаар өнгөрүүлж байлаа. Хүү маань дуудаагүй бол хэн ялсныг ч анзаарахгүй өнгөрөх байсан биз. Би зочны өрөөний голд хүүтэйгээ бөмбөгөөр харилцангаа Цюрихын Конгрессхаусын тайзан дээрээс цуурайтах Зепп Блаттерийн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг хичээж байлаа. Италичуудыг яс махнаасаа зэвүүрхдэг түүнд 2006 оны Дэлхийн аваргын цомыг Каннаварод гардуулах эрүү шүүлтээс өөрцгүй байсан биз.

Та бүхэн энэ номыг Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүд болон C1 телевизийн байр, Peace Mall-ийн 6 давхар дахь Jersey Zone дэлгүүр, IT Park-ийн 203 тоот өрөө зэрэг байршлуудаас худалдан авах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж