-Энэ жил G-20-ийн хуралдаанд зориулж Хятадын засгийн газраас мянган дүнчүүр (100 тэрбум) юань, Ханжоу хотын захиргаанаас 500 дүнчүүр (50 тэрбум) юань зарцуулж, дэд бүтэц, ногоон байгууламжид зарцуулжээ. Зургаан жилийн дараа 2022 онд тус хотод Азийн зуны наадам зохион байгуулна-
Улаанбаатарын утаа униар, улс төрийн хүрээний хэрүүл маргаанаас холдож, Дундад улсын умардаас өмнөд хүртэл 1600 бээр /3200 гаруй км/ аялсан тэмдэглэлээ та бүхэндээ хүргэе. Хятадын хөгжил Бээжингээс урагш гэдэг үг бий. Үнэхээр ч тус улсын өмнөд бүс нутаг тасархай хөгжилд хэдийнээ хүрчээ. Сүүлийн жилүүдэд Си даргын барьж буй жигд хөгжлийн бодлогын хүрээнд хил орчмын хот, тосгод өнгө зүсээ засч эхэлсэн ч өмнөд мужийн хотуудын хөгжил тасархай ажээ. Мөнхийн хөршийн хөгжил дэвшилтэй танилцан, түүх соёлын жимээр аялах боломж олгосон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Бидний хамгийн түрүүн зорин очсон газар бол БНХАУ-ын Жөзян мужийн төв Ханжоу хот. Эртний долоон нийслэлийн нэг буюу Сүн улсын нийслэл байсан тус хот орчин цагийн хөгжлөөрөө БНХАУ-ын тэргүүлэгч хотуудын нэг болжээ.
Газарт бүтээсэн диваажин
Дотор газрын хүмүүс Дундад улсын өмнөдөд орших Ханжоу, Сүжоү хотуудыг “газрын диваажин” хэмээн өргөмжилдөг ажээ. Диваажинг газарт буулгасантай зүйрлэх Ханжоу хотыг зорин Xiamen air авиа компанийн агаарын хөлгөөр хоёр цаг гаруй нисээд буулаа. Хөх хотын сэрүүн орчин дулаан орны зөөлөн эерүү агаараар солигдож, тэнгэр баганадсан барилга байшин дундуур сүлжин давхих нь тал нутгийн бидэнд бачим давчуу санагдана. Өчигдөрхөн Улаанбаатарынхаа униарт гудамжинд жиндэж явсан бидэн Ханжоугийн халуун орны амьсгалд дасаагүйгээс тийн бачимдсан хэрэг буй заа. Уран барилга гэж юү байдгийг тэнд харж болохоор ажээ. Барилга байшингуудаа хэлбэр хийцээр нь төдийгүй G-20, Y-20 гэх мэт дэлхийн хэмжээний уулзалт болсон газар хэмээн тодотгон танилцуулна. БНХАУ-д анх удаа, Азид хоёр дахь удаагаа болсон G-20-ийн уулзалт Ханжоу хотноо энэ оны есдүгээр сард болж өндөрлөсөн юм. Дэлхийн их 20 гүрний засаг, төрийн тэргүүнүүдийн уулзалтыг дагалдан залуучуудын Y-20-ийн ээлжит уулзалтыг хийж, Ханжоу хотын нэр олон орны хэвлэлийн хуудаснаа дурайсан бөгөөд хойшид тус хотыг дэлхийн хэмжээний уулзалт, хурал цуглаан зохион байгуулдаг хот болгон хөгжүүлэхээр болжээ. Энэ жилийн G-20-ийн хуралдаанд зориулж Хятадын засгийн газраас мянган дүнчүүр (100 тэрбум) юань, тус хотын захиргаанаас 500 дүнчүүр (50 тэрбум) юань зарцуулж, дэд бүтэц, ногоон байгууламжид зарцуулсан гэдгийг онцолж байлаа. Зургаан жилийн дараа 2022 онд Азийн зуны наадам зохион байгуулах эрх авсан гэдгээрээ Ханжоугийнхан ихэд бахархаж байна лээ.
“Ханжоугийн хамгийн өндөр барилга хэдэн давхар вэ” гэсэн асуултад “Нэг их өндөр биш ээ, 68 давхар” хэмээн өгүүлэх аялал жуулчлалын компанийн ажилтан Ү овогт залуугийн хариулт үнэнхүү бардам ажээ. Нийслэлийнхээ хамгийн өндөр, 25 давхар барилга Сити тауэрт ажилладаг бардамнал маань хоромхонд хийсэн одож, “Гоёымоо” гэх атаархангуй аястай үгээр солигдов. Ханжоугийн тэнгэрт тэмүүлсэн сүрлэг барилгуудыг удаан ширтвэл хүзүү гоёодож ч мэднэ. Гайхалтай өндөр бүрлэг барилгыг ганц Ханжоугаас бус Хятадын өмнөд бүсийн олон хотоос харж болно. Хятадаас гадна Араб, Азийн орнуудад ч тэнгэр баганадсан барилга байшин олон болохоор гагц орчин цагийн хөгжлөөр нь бус байгалийн үзэсгэлэн, дэлхийд ижилгүй түүх соёлын дурсгалыг бүхэлд нь “Газарт бүтээсэн диваажин” хэмээн өргөмжилсөн биз ээ.
Хятад даяар тэр дундаа Ханжоу хотод цахим худалдаа тун эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд цахим бизнесийн акул “Alibaba” компани тус хотод байрладаг гэдгээр бахархдаг. Хятад улсад өнөөдөр нэг тэрбум гаруй хүн гар утас хэрэглэдэг бөгөөд олон зуун сая хүн байнга интернетэд холбогддог байх юм. Өдгөө Хятадын аль ч бүс нутагт 4G ашиглан цахим ертөнцөд чөлөөтэй нэвтэрдэг. Харамсалтай нь дэлхий нийт, тэр дундаа монголчуудын түгээмэл ашигладаг фэйсбүүк, твиттерийг хориглодог гэдгийг тооцоход илүүдэхгүй.
Цайны урлаг ба бизнесийн ухаан
Ханжоуг аялал жуулчлалаас ангид үзэх аргагүй. НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагаас Хятадын хамгийн үзэсгэлэнт хотоор өргөмжилсөн Ханжоуд 127 зочид буудал байгаагаас 22 нь таван одтой. Ханжоуг цайны ургамал, хүр хорхойн торгогүйгээр төсөөлөх аргагүй. Мөнхийн зунаараа Ханжоуд есөн сая хүн ам амьдран суудаг бөгөөд тус хотод хөдөөний хүн нэгээхэн ч үгүй гэнэ. Хотжилт гэж ямар байдгийг тэндээс харж болох бөгөөд хүмүүс нь хамгийн намхандаа 3-4 давхар хаусанд аж төрдөг ажээ. Ханжоугийн хамгийн баян хүмүүс бол ууланд цай тариалагчид. Уулынхны тарьсан цай хамгаас амттайн дээр тариачид нь бэл бэнчин сайтай. Тиймдээ ч тэд охид, хүүхнүүдээ нөхөрт гаргах бус хүргэн буулгаж авдаг бардам хүмүүс ажээ. Ханжоуд ургасан цайг хандлаад уухын зэрэгцээ хоолонд амт оруулан хуурч иддэг юм билээ. Хятадын өв соёлын нэгээхэн хэсэг, урлаг болтлоо хөгжсөн цай тарих, цай уух, цайгаар дайлах урлагийг эх оронд нь үзэж, ногоон цайг амтлахдаа зүйрлэшгүй “гайхамшиг”-ийг нь нутгийн хүн шиг мэдрээгүй ч цайгаа дэлхий нийтэд сурталчилж, урлаг болгон хөгжүүлж, бизнесээ цэцэглүүлж чадсан өмнөд нутгийнхнаар бахархах сэтгэл эрхгүй төрсөн.
Та бид ч бас сүүтэй цайгаа ийн гайхаж шагширтал нь сурталчилж болохгүй нь юү билээ. Үхэр малаа хэрхэн сааж, өрөм бяслагаа хэрхэн боловсруулж байгааг таниулахаас эхлээд аагтай шаргал цайг хэрхэн чанаж байгаагаа дэлхий дахинд байг гэхэд дэргэдэх хөршүүдээ шагшруулж болох билээ. Өвөрлөгч нутгийн барга, үзэмчин, уйгарууд болоод хойд зүгт нутаглах буриад, тува, түрэг үндэстнүүд дунд сүүтэй цай уун магнай тэнийх хүмүүс сая саяар тоологдож байна. Нэгэнт сүүтэй цай, өрөм, ааруул дурссаных Өвөрмонголд ааруул, өрмийг хэрхэн үйлдвэрийн аргаар боловсруулж, худалдаа үйлчилгээнд гаргасныг зурагт буулган үзүүлэв. Үйлдвэрт боловсруулсан өрөм, ааруулыг үндэсний хэв маяг бүхий өнгө төгөлдөр сав суулганд хийж, худалдаа наймаанд гаргасан нь сонин бөгөөд содон ажээ.
Хүр хорхойн торгыг хуурамчаас хэрхэн ялгах вэ?
Шүлсээрээ торго нэхэгч шидэт хүр хорхойг харчих юмсан гэсэн хүсэл маань биелсэнгүй. Учир нь хүр хорхой хэмээх нэгэн төрлийн эрвээхий ганцхан зуны настай ажээ. Харин авгалдайнууд ирэх хаврыг хүлээн үүрэндээ торниж буй гэнэ. Ердөө л хоёрхон сар амьдардаг торгоны хүр хорхой, эрвээхэй, авгалдайнууд ялам модны навчаар хооллодог бөгөөд энэ мод нь Хятадын Ханжоу орчимд л ургадаг. Хүр хорхой нь бүхэлдээ тэжээмэл болсон шавьж бөгөөд байгаль дээр зэрлэг байдлаар амьдардаггүй ажээ.
Тун өвөрмөц нэгэн зүйлийн эрвээхий буюу хүр хорхой болоод түүний шүлсээр урласан жинхэнэ торгыг үзэх саваагүй хүсэл Ханжоуд очсон хэн бүхэнд төрөх нь магад. Тиймээс ч Хятадад төдийгүй дэлхийд ганцхан байдаг хүр хорхойн торгоны музейг хүмүүс зорьсоор байна. Торгоны музей Ханжоу хотын Юйхуан уулын ар бэлд байрладаг. Музейн үндэс суурийг 1992 тавьжээ. Музейн гол үзмэр хүр хорхойн торгон эдлэл. Эртний Мин, Сүн улс, Манж гүрний үеийн хаад ноёд, эгэл иргэдийн хувцас гоёл, эдлэл хэрэглэлийг музейд дэлгэсэн байхын дээр хүр хорхойн торгоор урласан тансаг сайхан урлагийн бүтээлүүд ч тус үзэсгэлэнд бий.
Хятадуудын хүр хорхой үржүүлсэн түүх 5000 жилийн тэртээгээс эхэлнэ. Хүр хорхойн торгыг эгэл иргэд яаж ч хичээж хараад, илж таалж, имэрч чимхээд танихгүй. Харин галаар төөнөж, илүүдэл утсыг нь шатааж гэмээнэ хуурмаг торгоос ялгаатай шинжүүдийг илрүүлж болно.
Энэхүү зурагт дүрс нь буусан бүсгүйн дууны чанга, танилцуулгын итгэлтэйг хэлээд юүхэв. Хүр торхойн торгыг асаагуурын хөх дөлөөр хичнээн төөнөөд ч шатаж түлэгдэх нь үгүй. Харин хуурамч торго бол нэг хоёр гүйлгээд л шатаж эхэлнэ. Мөн илүү гарч сэмэрсэн утсыг нь түлэхэд хуурамч торгоных бөөгнөрөн хатуурдаг бол хүр хорхойн торгоны утаснаас аргалынх мэт нунтаг үнс үлдэж байх жишээтэй. Ийн жинхэнэ торгыг таних “хичээл” дуусмагц, дэлгүүр рүүгээ хөтлөн оруулж, гайхамшигт торгоор урласан бүтээгдэхүүнээ танилцуулж эхэлнэ. Бүсгүйчүүд бүү хэл эрчүүд ч шохоорхож, шүүрс алдам өнгө будаг, ур хийцийг тэнд бүрдүүлжээ. Байгалийн органик бүтээгдэхүүн, дэлхийд ижилгүй гэдгээрээ бэл бэнчинг харин ч нэг шалгана шүү дээ. Охид хүүхнүүдийн гоёл хүзүүний ороолт, нимгэн алчуур л гэхэд 450-1250 юаниар үнэлэгдэнэ. Хүр хорхойн торгон хөнжил хамгийн багадаа 1800-2500 юанийн ханштай. Дотоодын жуулчдын цөөнгүй хувийг эзэлдэг ахмад настнууд залуустаа хуримын болоод чамин нандин бэлэг болгож, хосын хөнжил бэлэглэдэг ажээ. Монголчуудын хувьд дээлийн өнгө гадар болгохоор метрийн торгыг илүүтэй сонирхоно. Багадаа 95-120 юаниар үнэлсэн метрийн торгоны хувьд өнгөний сонголт арвин биш байсан нь гайхал төрүүлсэн. Манайхны төсөөлдөг гарт барьцтай, хээ хуартай торгоноос илүүтэй торгомсог зөөлөн, нимгэн гулгамтгай /силкэн/ материалд хүр хорхойн шүлс илүү тохиромжтой байдаг юм уу гэсэн бодол төрсөн.
Үзэсгэлэнт Ши Ху нуур
Холливудын алдарт бүтээл Аватар, Кунфу Панда, Бяцхан Дрэй зэрэг бүтээлүүдэд Хятад нутгийн үзэсгэлэнт байгаль, хятад газрын хотын амьдралыг бодитоор нь буулгасан нь бий. Аватар дахь ариун модны орон БНХАУ-ын унаган байгалийн нэгээхэн хэсэг болохоор тус кино хамгийн олон үзэгчтэй, орлого ихтэйгээрээ тэргүүлсэн байх магадлалтайг хятадын соёлын албаны түшмэл өгүүлж байсан билээ. Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч энэ улсыг соёл урлагийн салбарын асар том хөрөнгө оруулагч болшон ашиглах сэдлийн эхлэлийг Холливуд хэдийнэ тавьжээ.
Хятадад очсон хэн бүхэн заавал үзэх үзэсгэлэнт газрын нэг нь Ши Ху нуур. Нуурын нэрийг орчуулбал Баруун нуур ажээ. Хятад даяар Ши Ху нэртэй 36 нуур бий. Тэдэн дундаас хамгийн алдартай, хамгийн том нь Ханжоу дахь Ши Ху. Үзэсгэлэнт нуурыг зорин жил тутам 15 сая жуулчин очдог бөгөөд моторт болон сэлүүрт завиар зугаалан аниргүйн дайдаар аялах боломжтой билээ. Тиймээс ч нуурын тухай зохиол бүтээл, шүлэг найраг олон бий.
Ши Ху нуурыг алдаршуулсан бас нэгэн зүйл бол нуурын дунд байрлуулсан бумба юм. Гурван цувраа эл бумбаны дүрс өдгөө нэг юанийн дэвсгэртэд мөнхөрчээ. Ши Ху нуурын тухай үлгэр домог олон байдгийн дээр ардын дунд аман зохиол болон улам бүр дэлгэрсээр байгаа ажээ.
Үргэлжлэл бий.