Баабартай Бат-Үүлтэй бас Болдтой

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Баабартай Бат-Үүлтэй бас Болдтой

Өнгөрсөн лхагва гаригт болсон Д.Энхбаатарын генералын найранд нэр алдартай олон эрхэм оролцжээ. Улаанбаатар ресторанд  Бат-Үүл, Баабар нар ч ирсэн байв. Олны дундаас онцгойлон эдгээр эрхмийг дурдахын учир тэд хэр баргийн найр хурим хэсээд явдаггүйд юм. 
Шагнал урамшлын “хур” ойр ойр буудаг болоод удаж байхад найр хийгээгүй нь хэд билээ, тэр дотроо эдгээр  эрхмийг уриагүй нь хэд билээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тэд энэ орой генерал цолыг бус өнгөрсөн хорин жилийн хугацаанд бараг хүмүүсийн “тар нь танигдаж” дууссан учир хуучны нөхөр Д.Энхбаатарыгаа хүндэлж  ирсэн биз найранд. Баабар нараас гадна Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болд зочдын дунд байсан нь бас содон харагдсан.  Д.Энхбаатарыг найз нар нь “эр хүний хийдэг бүхнийг хийдэг хүн” гэж ярихыг сонссон. Тэр нь архи залдаг, хөзөр тоглодог бас ан хийдэг хүнийг хэлдэг гэнэ. Тэгэхээр түүнд найз олон байхаас ч аргагүй биз. УИХ, Засгийн газрын гишүүд ч олноороо түүнд баяр хүргэхээр иржээ. Гавъяат хуульч Б.Чимэд гуай, ардын жүжигчин Д.Жаргалсайхан, А.Долгор, Баярмагнай, гавъяат Равдан, Сосорбарам нар мөн түүний зочин байлаа. Энд сонирхол татахуйц нэгэн бүлэг зочин байсан нь Ленинградын /хуучнаар/ Их сургуулийн төгсөгчид. 
Тэд Д.Энхбаатарын оюутан цагийнх нь найзууд. Өдгөө Монголын хэвлэл мэдээллийн салбарт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, удирдах ажилтан болсон оюутных нь найз Радио телевизийн дээд сургуулийн захирал Э.Сонинтогс,  Монгол Телевизийн редактор Б.Оюунчимэг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд нар.  Д.Энхбаатар нийслэлийн 23 дугаар сургууль төгссөн. Түүний хүүхэд ахуйнх нь найз, ангийн анд нь их эрдэмтэн Б.Ренчингийн ач Б.Лигдэн. Тэр бас ангийнхантайгаа Д.Энхбаатарын баярт иржээ.  

Т.Мөрөн






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж