УИХ-ын дарга Японы төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Японы төлөөлөгчидтэй уулзлаа

Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Кога долдугаар сарын 23-27-нд Монгол Улсад айлчлал хийж байна. Тэрбээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Япон улсад нүүрлэсэн гамшигт Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсанд талархаж байгаагаа ноён Н.Кога УИХ-ын даргад хэлсэн юм.

Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Кога Монгол Улсад УИХ-ын гишүүн Су.Батболдын урилгаар ирсэн бөгөөд Японы Ерөнхий сайд Н.Каны Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн захидлыг гардуулан өгөхөөр төлөвлөсөн байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ноён Н.Когаг талархан хүлээн авч, Монгол Япон улсуудын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд ч бат бөх, сайн түншийн харилцаатай байсныг хэлээд ирээдүйд хамтын ажиллагаа стратегийн төвшинд улам батжин хөгжих болно гэдэгт гүнээ итгэдэг болохоо илэрхийлсэн юм. Мөн Японы ард түмэн, засгийн газрын зүгээс Монгол Улсад нийгмийн шилжилтийн цаг үед ч  туслалцаа үзүүлэн, найрсаг түншийн харилцаагаа хөгжүүлж ирснийг УИХ-ын дарга онцолж байлаа.

Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагаа эрчим хүч, уул уурхай, агаарын тээврийн салбарт өргөжин хөгжих үүд хаалга хэдийнээ нээгдсэн болохыг уулзалтын үеэр хоёр тал харилцан илэрхийлж байлаа.

Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Кога Монголд айлчлах хугацаандаа Таван толгойн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах зорилготой байгаагаа уулзалтын үеэр хэлэв. Монгол Улсад дөрөв хоногийн айлчлал хийж байгаа ноён Н.Кога Төв аймгийн Цонжинболдогт болсон марафон тэмцээний ёслолд оролцсон юм.

Ирэх жил Монгол болон Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болох бөгөөд энэ удаагийн уулзалтад Япон улсын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа болохоо Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн Н.Кога хэлж байсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж