Газар дагасан асуудал

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Газар дагасан асуудал

Хотын удирдлагууд ирэх онд 20 тэрбум төгрөгийг газрын нээлттэй дуудлага худалдаанаас олно гэж төлөвлөсөн байна. Дуудлага худалдаагаар борлуулах жагсаалтад багтсан газрын байршлуудын ихэнх нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууцны барилга барих зориулалттай. Нийслэлийн төв цэгээс зайтай, Төв аймаг, Авто худалдааны цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг тойрсон газрууд байгаа юм.

Нийслэлийн Газрын албанаас 25 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зарлаж, товлосон цаг нь /2016.12.6/ болоход хоёр байршилд дөрвөн оролцогч л хүсэлтээ ирүүлсэн байв. Гэвч хоёр дуудлага худалдааны нэг нь амжилтгүй болж, Баянзүрх дүүргийн XI хороо, Ногоон зоорины баруун талд орших орон сууцны зориулалттай 0.82 га газрыг л иргэн Э.Энхцаг 84 сая төгрөгөөр худалдаж авсан юм.

Ийнхүү газрын дуудлага худалдаанд иргэн, компаниуд оролцохгүй, оролцсон ч газрын анхны үнийг өсгөхгүй идэвхгүй болсон нь үнэтэй холбоотой гэж нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тэрбээр “Цаашид бид газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг эргэн харж, бууруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Үнийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бууруулах тухай саналаа боловсруулаад, эхний ээлжинд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан. Үүнийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-аар хэлэлцүүлээд, дэмжигдвэл цаашид салбарын яам руу хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж ярьсан байна.

Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ гишүүн асан ажиллаж байх үед газрын дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоох хэмжээг хуучнаас нь хоёр дахин өсгөсөн аж. Өмнө нь газрыг зарах анхны үнийг тогтоохдоо үнэлэх хэмжүүрийг нь 0.5 хувиар тооцдог байсныг 1.5 хувь болгож нэмжээ. Ингэснээр хотын нэгдүгээр бүсэд байрлах нэг ам.метр газрын дуудлага худалдааны анхны үнийг 220 мянган төгрөгөөр тооцдог болсон аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн газрын үнэлгээний гуравдугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 1000 ам метр газрыг дуудлагаар худалдах анхны үнэ өмнө нь 11 сая төгрөг байжээ. Энэ үнийг  Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалаар 88 сая төгрөг болгож өсгөсөн гэсэн үг юм.

Дээрх үнэлгээг шинээр томилогдсон нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун зах зээлийн ямар ч тооцоо, судалгаагүй үндэслэлгүй үнэ гэж үзжээ. Харин өөрсдийнх нь шинээр гаргасан үнийн санал бол бараг хоёр дахин буулгасан бодит үнэлгээ аж. Тэд хотын төвийн гуравдугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 1000 ам метр газрыг дуудлагаар худалдах анхны үнийг 88 сая төгрөг байсныг 33 сая төгрөг болгож буулгасан байна. Мөн хотын төвийн нэгдүгээр бүсэд нэг ам.метр газрын дуудлага худалдааны анхны үнэ 220.000 төгрөг байгааг багасгаж, 66.000 төгрөг болгохоор тооцжээ.

Энэхүү тооцооллоо одоогийн газрын албаныхан “Томоохон талбайтай газар авъя гэхээр үнэ нь хэт өндөр тусаад байдаг. Тийм өндөр үнээр худалдаж авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй болчихоод байгаа учраас хүмүүс газрын дуудлага худалдаанд оролцохгүй байна. Тиймээс бид байршил, зах зээлийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үзээд газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох хэмжүүрийг  бууруулж, үнийн хэмжүүрийг нэг юм уу, 0.5 болгоё гэдэг санал гаргасан” гэж тайлбарлав. Тэд мөн газрын анхны бодит үнийг тогтоох хэмжүүрийг бууруулснаар газар үнэгүйднэ гэж ойлгож болохгүй гэжээ.

Газрын албаныхан яагаад газрын үнээр “оролдож” эхлэв гэдэгт таамаг дэвшүүлэх олон иргэн байна. Угтаа газрын үнэ тогтвортой өндөр байж гэмээнэ төлөвлөлтгүй, эмх замбараагүй хот хүрээгээ тэлэхээс хамгаална. Далд газрын наймаа зогсч, газрын авлига буурна гэж эерэгээр харж болох.

Газрын үнэ буурлаа ч газар дээр босох барилгын үнэ нь хэвэндээ байдаг. Үүнийгээ барилгын компаниуд элдэв зөвшөөрөл, газрыг худалдан авахад зарцуулсан авлигын өртөгтэй холбон тайлбарлах нь элбэг.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өөрөөс нь өмнө ажиллаж байсан хотын удирдлагууд 2600 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих мөнгө буюу 26.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх газрыг наймаалцсан гэж мэдээлж байсан нь саяхан.

Эсрэгээрээ одоогийн нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Э.Бат-Үүл даргын үед 58 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулж, 60 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм билээ. Гэвч тооцоо судалгаа муу байсны уршгаар 30 байршлын газрыг дуудлагаар худалдах боломжгүй болж, 28 байршил нь л үлдсэн. Хүний эзэмшиж байсан газрын эрхийг хүчингүй болгоод, дуудлагаар худалдахаар төлөвлөснийг газрын эзэд эсэргүүцэн, шүүхээр явж асуудлаа шийдүүлсэн байдаг” гэсэн тайлбар хийж сууна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж