ОХУ-ын Ленинс Кузнецк хотноо болсон гимнастикийн “Сибирийн нээлттэй цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Эрдэнэболд мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн харайлтын төрөлд өрсөлдөж, медалийн тавцанд зогссон байна.
Энэ тэмцээнд Г.Эрдэнэболдоос гадна А.Энхтулга оролцсон бөгөөд тэд дасгалжуулагч Ц.Алтантөгсийн удирдлагад оролцлоо. “Сибирийн нээлттэй цом”-ын аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон юм.
Сануулахад, БНХАУ-ын Нанжин хотод 2014 оны наймдугаар сарын 16-28-ны өдрүүдэд дэлхийн залуучуудын Зуны олимпийн II наадам болсон. Энэхүү тэмцээнд 198 орны 3600 гаруй тамирчид спортын 28 төрөлд өрсөлдөхөд манай улсаас таван тамирчин оролцож байсан юм.
Тэрхүү наадмаас Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг, тамирчид багийн дүнгээр 32 дугаар байр эзэлж байсан.
Ч.БОЛ