Дэлхийг зовоож буй цагаан тахлын гамшиг

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Дэлхийг зовоож буй цагаан тахлын гамшиг

15 настай Анна Вуд охин үдэшлэгт очоод ганцхан ширхэг экстаси шахмал уужээ. Харамсалтай нь, гурван хоногийн дараа охин амьсгал хураав. Нэгэн амьдрал төгсөж, нэгэн гэр бүл уй гашууд автав. Нийгэм харин бүхэлдээ цочирджээ. Тэр ердөө 15-хан настай байсан. Мөрөөдлийн ажлаа хийхээр дөнгөж сургуулиасаа гарчихаад байсан үе. Үзэсгэлэнтэй, халуун дулаан гэр бүлтэй, цөөн тооны сайн найзтай, товчхондоо бол хүмүүжилтэй, сайн охин байж. 1995 оны аравдугаар сарын 21-ны орой Анна найзындаа хононо гэж гараад сургуулийнхаа найз охидын хамт Сидней хотын шөнийн клубт бүжгийн үдэшлэгт очжээ. Клубын гаднаас тэд танил охиноосоо хэдэн ширхэг экстаси худалдаж авч, уучихаад орсон байна. Гэтэл үүрээр 05.00 цагийн үед Аннагийн бие тавгүйтэж, клубын ариун цэврийн өрөөнд гүйлгэж, бөөлжиж эхэлжээ. Охид клубээс гарч, нэгнийхээ гэрт очиж хоноцгоосон боловч өглөө болох үед Аннагийн бие дээрдээгүй тул эцэг, эхэд нь хэл хүргэж, улмаар түргэний тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн гэнэ. Харамсалтай нь охин ухаангүй байсаар аравдугаар сарын 24-ны өдөр амьсгал хураажээ. Түүний үхлийн шалтгааныг экстаси буюу метилендиоксиметамфетамин (MDMA гэж товчилдог) хэрэглэснээс үүдсэн тархины усан хаван гэж оношлов. Анна Вудын үхлийн талаар тухайн үед Австралийн төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллүүд олонтаа мэдээлж, экстаси болон бусад мансууруулах бодисын хор уршиг, аюулын талаар цуврал нийтлэлүүд нийгэмд цочроо өгчээ. Өсвөр насны охины үхэл хар тамхины хөнөөлийг хангалттай харуулсан тод томруун жишээ байлаа…

Зургийг нь ханандаа хадаад, шүтэж дурлаж явсан хайртай жүжигчин минь, дууг нь даган дуулж, сэтгэлээ хөглөж явсан дуучин минь, спортын талбарт гялалзаж явсан төрөлхийн авьяаслаг тамирчин ч хар тамхи, эмийн бодис хэтрүүлж хэрэглээд амиа алдсан тухай харамсалтай мэдээ нэг бус удаа л сонсож байлаа. Хариулт нь үл олдох асуулт олныг үлдээсэн Майкл Жексон, Уитни Хьюстон, Хит Лежер, Эми Уайнхаус гээд алдартнуудын үхэл ямар нэг байдлаар хар тамхи, мансууруулах бодис, архи, эмийн тун хэтрүүлсэн зэрэгтэй холбогдсон байдаг. Дэлхийд нэрээ дуурсгасан тэр мэт алдартнуудын үхэл хэдий харамсалтай ч тэрүүхэн дэнжид монгол хүүхдүүд мансуурч, донтож суугаа нь сэтгэл сэрдхийлгэм мэдээ.

Эмнэлгийн бус зориулалтаар, товчхондоо бол мансуурах зорилгоор хэрэглэж буй сэтгэцэд нөлөөлөх бодисыг нийтэд нь хар тамхи гэж нэрлэдэг. Олон улсад энэ төрлийн бодисыг наркотик гэх бөгөөд мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үгнээс гаралтай ажээ. Хар тамхи бол химийн бодис. Марихуан, кокаин, экстаси, бусад төрлийн амфетамин, героин гээд бүгд л биед сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Үхэлд хүргэх хэмжээний хор хөнөөлтэй хар тамхи өдгөө дэлхий нийтийн тулгамдсан асуудал болжээ. Дэлхийн хэмжээнд 246 сая хүн, тодруулбал, 15-64 насны 20 хүн тутмын нэг нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, тэдний 10 хувь нь хар тамхинаас шалтгаалсан ямарваа нэг өвчин эмгэгтэй, ийм төрлийн бодисоос бүрэн хамааралтай талаар НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2015 оны тайланд дурджээ. Монгол Улс Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодисууд ба сэтгэцэд нөлөөлөх бодисуудын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцид 2001 онд тус тус нэгдэн орж, конвенцид холбогдох хууль тогтоомж, дүрэм журам гарган мөрдөж байгаа ч хар тамхитай холбоотой хар мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Энэ төрлийн гэмт хэрэг Монгол Улсад 2014 онд 61 бүртгэгдэж, 153 хүн шалгагдаж байсан бол 2015 онд 79 эрүүгийн хэрэгт 169 хүнийг холбогдуулан шалгажээ. Энэ он гарсаар хар тамхитай холбоотой 78 гэмт хэрэгт 182 хүн холбогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн гадаадын 13 улсад Монголын 163 иргэн хоригдож байгаагаас 33 нь хар тамхины хэргээр хилийн чанадад ял эдэлж байгаа тоо баримт ч бий. Хүн ам цөөтэй манайх шиг улсад энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс тогтмол анхааруулсаар байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж