Ардчилсан намын VI Их хурал өнөөдөр 11.40 буюу морин цагт эхэлж, 21.25 цагийн үед өндөрлөлөө. Үдээс хойших хуралдаанд 60 гаруй гишүүд саналаа хэлж, санал шүүмжлэл өрнүүлсэн байна. Тэднээс Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам санал шүүмжлэл хэлэх үеэрээ “Би ийм ардчиллын төлөө яваагүй. Ардчилсан намаас гарч шинэ нам байгуулах болно” гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд Ххүний эрхийг хангах чиглэлээр Ардчилсан нам тууштай бодлого дэвшүүлж, ажиллах шаардлага тулгараад байна” гэдгийг Их хурлын гишүүддээ уриалжээ.
Маргааш хоёр дахь өдрөө үргэлжлэх Их хурал 09.00 цагт Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн төслийг танилцуулснаар эхлэх аж. Ардчилсан намын Үндэсний зөвөлдөх хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдаад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор ахлуулсан намын дүрмийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төсөл өчигдөр хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн. Харин маргааш Их хурлаар хэлэлцэгдэх болж байна.
Г.ДАРЬ