“Хунт нуур”, “Щелкунчик”-ийн урилгатай сар

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

“Хунт нуур”, “Щелкунчик”-ийн урилгатай сар

Энэ оны хамгийн сүүлийн сар гараад долоо хонож байна. Урлагийн байгууллагууд арванхоёрдугар сард хамгийн оргил бүтээлүүдээ үзэгч олондоо хүргэдэг билээ. Тэгвэл Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын энэ сарын хуваарийг сонирхлоо.

Тус театрын уран бүтээлчид олон бүтээлийг толилуулахаар бэлтгэж байна. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, “Щелкунчик” /Цөмөөхэй/ бүжгэн жүжгээс гадна Ж.Пуччиний “Богема” дуурь ч үзэгчдийн хүртээл болох юм.

2016 ОНЫ ДУУРИЙН ХААЛТ Ж.ПУЧЧИНИЙ “БОГЕМА”

Дж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт дуурь арванхоёрдугаар сарын 11-ний 17.00 цагаас тоглогдоно.

Тус дуурийн тухай товчхон танилцуулахад анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Парис хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Дж.Пуччинийг дуурь бичжээ. Дж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгаа харуулахыг зорьжээ. Дж.Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь хийгээд заяасан авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан юм. Уг романыг дуурь болгоход нилээд товчлох шаардлагатай байсан ба зохиолын утга санаа огт хөндөлгүй хадгалж үлдсэн байна.

Парисын богемийн гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө нэн бодит мэт эмгэнэлт хайрын түүхийг гайхамшигт хөгжмийн аялгуунд дүрслэн харуулна

Энэхүү дуурийн зохиол нь анхаарал татсан огцом хөдөлгөөн адал явдал дуулианаар бага ч хүний сэтгэлийн дотоодод болж буй хямрал, залуу хүмүүсийн ертөнцийг ил тод, сэтгэл хөдлөл болон дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн байдаг гэнэ. Хөгжим нь бүхэлдээ гол баатруудынхаа мэдрэмж болон сэтгэл санааны байдлыг маш тод зурсан байдаг аж.
“Богема” дуурь нь маш хурдан хугацаанд үзэгчдийн сэтгэлийг татаж олон орны дуурийн театрын тайзнаа амилж байжээ.

Дж.ПУЧЧИНИ “БОГЕМА” дуурь

  • Рудольф – Б.Гомбо-Очир

  • Марсель – Э.Анхбаяр

  • Шонар – М.Болд

  • Коплен – О.Хүрэлбаатар

  • Бенуа – Э.Бумхүү

  • Альциндор – Б.Алтанхуяг

  • Мими – Б.Эрдэнэтуяа

  • Мюзетта – Ш.Наранчимэг

  • Парпиньол – М.Даваадорж

  • Удирдаач – Н.Туулайхүү


“ХУНТ НУУР”-ТАЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР

Ирэх бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох гэж байна.

Оросын ард түмний бахархал, хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балетыг бичжээ. “Хунт нуур” балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Их театрт тоглож байсан байна. Зохиогч энэхүү бүтээлийг анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн ч удалгүй хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагт дуртай үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болжээ.  

“Хунт нуур” балетыг анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны гуравдугаар сарын 4-д тоглосон бөгөөд хожим нь Мариус Петина, Лев Иванов нар шинэчлэн сайжруулжээ. Энэхүү бүтээл одоо дэлхийн 30 гаруй орны 70 гаруй театрын тайзнаа нийт 100 гаруй хувилбараар, бүрэн болон хагас тавигдсан судалгаа байдаг байна.

П.И.Чайковскийн амьдралдаа бичсэн гурван балет бүгд алдаршсан бөгөөд “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодонг балетын оргил гэж үздэг байна.

Дэлхийн сор болсон энэхүү алдартай бүтээл манай тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-д тоглогдсон бөгөөд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва дэглэн тавьж байсан түүхтэй. Энэ бүтээлийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун удирдан, ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх тайз, хувцсыг хийжээ. Харин “Хун нуур” балетын гол дүр Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридэд Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбартад Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбайдад Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглож байжээ. Өнгөрсөн онд “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиосон юм.

П.И.ЧАЙКОВСКИЙ “ХУНТ НУУР” БАЛЕТ /2 бүлэг, 4 үзэгдэлт балтет/

ДҮРҮҮДЭД

  • Одетта, Оделлия – Б.Саруул /СТА/

  • Принц Зигфрид – М.Од /СТА/

  • Ротбарт – Э.Эрдэнэжаргал /СТА/

  • Алиа Салбадай – Т.Хан-Очир

  • Па-де-труа – Г.Цолмон /МУГЖ/, Ч.Дүүрэнжаргал, Х.Гантулга

  • Хатан эх – Б.Энхтуул /СТА/

  • Том хунгууд – Мөнхтуяа, У.Анужин, Оюундарь

  • Жижиг хунгууд – Г.Цолмон/МУГЖ/, Г.Батчимэг /СТА/, Б.Алтантамир/СТА/, Ч.Дүүрэнжаргал


П.И.ЧАЙКОВСКИЙН "ЩЕЛКУНЧИК" БҮЖГЭН ЖҮЖГИЙГ ДӨРВӨН УДАА ТОГЛОНО

Оросын хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн "Щелкунчик" буюу "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг театрын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 17, 18-ны өдөр дараалан хоёр өдөр тоглохоор болжээ. Анх энэхүү бүжгэн жүжиг 1892 оны арванхоёрдугаар сарын 18-д Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. Тэгвэл дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 1982 оноос хойш шинэ жилийн баярт зориулан тоглож, хүүхэд багачуудыг баярлуулж ирсэн.

"Щелкунчик" балетыг БНХАУ-ын Тяньжин хотын Гранд театрт 2012 оны арванхоёрдугаар сарын 24, 25, 26-д тоглосноос хойш дахин тайзнаа тоглоогүй байна. Гурван жил завсарласан энэ жүжиг дахин театрын тайзнаа амилахаар бэлтгэгдэж байгаа аж. Энэ удаа тэртээ 1982 онд манай тайзнаа анх амилж байсан тэр хэвээр нь тавих юм байна.

Жүжгийн гол үйл явдал нь XVIII зууны сүүлчийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээж сууна. Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүждэг билээ. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер  Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Шелкунчикийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэй болон ид шидийн үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүдэн дэх үйл явдлаар "Шелькунчик" бүжгэн жүжгийн үйл явдал өрнөдөг.

3 бүлэгтэй "Щелкунчик" бүжгэн жүжгийн гол дүрүүд болох Машад Б.Саруул, Г.Батчимэг, Ханхүүд А.Эрдэнэболд, М.Од нар тоглох юм байна.

"ЩЕЛКУНЧИК" БҮЖГЭН ЖҮЖИГ

12.17-ны өдөр

  • Маша /Гүнж/ – Б.Саруул /СТА/

  • Хан хүү – А.Эрдэнэболд

  • Дроссельмейер – Х.Мөнгөнхөлөг /СТА/

  • Хулганы хаан – А.Өлзий-Орших

12.18-ны өдөр

  • Маша /Гүнж/ – Г.Батчимэг /СТА/

  • Хан хүү – М.Од

  • Дроссельмейер – Х.Мөнгөнхөлөг /СТА/ тус тус гол дүрд тоглоно.

Мөн Балетийн хөгжил сангаас "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж