Олон хүүхэдтэй эхчүүд урамшилтай болно

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Олон хүүхэдтэй эхчүүд урамшилтай болно

Төр, засгийн зүгээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн одонгийн болзлыг хөнгөрүүлж, тодорхой мөнгөн урамшуулал дагалдуулж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын намрын чуулганаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх ажээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатын өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулснаар гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний, дөрвөн хүүхэдтэй бол мөн хэмжээний 75 хувь, таван хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, зургаан хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн буюу 210 мянган төгрөг, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулал олгож байхаар төсөлд тусгажээ.

Хууль батлагдвал урамшууллыг эхчүүдэд сар бүр олгох аж. Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа төлөө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ урамшуулахын тулд ийм арга хэмжээ авахаар болж буй аж. Монголд одоо 0-16 насны дөрөв ба түүнээс дзээш хүүхэдтэй 24146 өрх байдаг юм байна.

Эхчүүдэд урамшуулал олгоход улсын төсвөөс сард хоёр тэрбум гаруй, жилд 30 орчим тэрбум төгрөг шаардагдана. Уг төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганаар хэлэлцэх гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж