Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг дэмжих үү?

Ардчилсан намын VI их хурлын үйл явц, мөн Ардчилсан намын дүрэмд оруулж байгаа өөрчлөлтийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Намын энэхүү шинэчилсэн дүрмийн төслийг Их хурлаар баталснаар Ардчилсан нам илүү бодлогын нам болж хөгжих төдийгүй гишүүддээ илүү хаалга үүдээ нээсэн, Ардчилсан намын үнэт зүйлийг тодруулсан чухал шинэчлэл болно гэж үзэж байгаа юм.

Одоо гишүүдийнх нь байр суурийг хүргэе.


Ц.ОЮУНГЭРЭЛ: НАМЫН ДҮРЭМД ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙГ ГИШҮҮД ДЭМЖИЖ БАЙНА

Намын дүрмийн өөрчлөлтийн төслийг өчигдөр ҮЗХ-гоор хэлэлцээд дэмжсэн, өнөөдөр амжвал Их хурлаар оруулж ирэх болж байна. Гишүүд бол намын дүрэмдээ шинэчлэл хийе гэснийг маш их дэмжиж байна. Дүрмийн өөрчлөлтөө хамтарч хийгээд намаа цоо шинээр гишүүдээсээ хамааралтай, гишүүддээ эрх мэдэл олгосон, хаалга үүд нь нээлттэй өргөн хүрээнд ажиллаж чадах чадвартай нам болгоё гэдэг дээр ярьж байна.

Ардчилсан намаа илүү нээлттэй нам болгоё гэж ярьж байгаа нь хязгаарлагдмал төвшинд гаргадаг байсан шийдвэрээ илүү олон гишүүний оролцоотой гаргадаг болъё. Хуучин Ардчилсан намын даргыг ҮЗХ, Их хурлаар сонгодог байсан бол шинэ дүрмээр бол сунгаагаар гишүүдийнхээ оролцоотойгоор сонгодог болъё гэдэг зүйл ярьж байна.

Ардчилсан намын бүртгэлтэй гишүүн  шийдвэр гаргах ямар үйл ажиллагаанд оролцох эрхтэй вэ гэж асуувэл мэдэхгүй гэж хариулах гишүүн олон гарах байх. Ийм хэмжээнд хүртлээ нам хаалттай болсон.

Одоо бол дүрмийн шинэчлэлээр маш олон эрхийг өгнө. Тодорхой гурван эрхийн хүрээнд ярихад Ардчилсан намын гишүүн нь бүртгэлтэй л байх юм бол татвар төлсөн эсэхээс үл шалтгаалан анхан шатны хуралдаанд оролцож санлаа өгнө.

Хоёрдугаарт, Ардчилсан намын бүртгэлтэй, татвараа төлөөд явж байгаа бол илүү олон таслах эрхийг эдэлнэ гэж заасан. Үүнд, Ардчилсан намын даргын сунгаанд таслах эрхтэй, ҮЗХ-ны сунгаа, аймаг, дүүргийн намын хороодын гишүүдийг сонгох сунгаанд таслах эрхтэй оролцоно. Ингээд ирэхээр шийдвэр гаргах дээд төвшинд оролцох гишүүдийн эрх нэмэгдэж байгаа.

Хоёр дахь чиг хандлага нь Ардчилсан нам үнэт зүйл, зарчимдаа эргэж ирье. Үнэт зүйлээ огоорохыг үл тэвчдэг, огоорч байгаа удирдлагадаа хариуцлага хүлээлгэдэг байя. Жишээлбэл, хүний эрх Ардчилсан намын хамгийн чухал үнэт зүйл. Хүний эрхийн зөрчил гарвал Ардчилсан нам дуугардаг, тэмцдэг, хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн шинэчлэлийг  зоригтой хийдэг байх ёстой. Энэ үнэт зүйлдээ илүү тууштай эргэж ирэх.

Хувийн хэвшлийг Монголд цэцэглүүлэхийг гардан хийсэн нам нь Ардчилсан нам. Гэтэл эргээд харахад хувийн хэвшилдээ дайн зарласан мэт бодлого явуулж болохгүй.

Хувийн хэвшилдээ илүү итгэл төрүүлэхүйц нам болох ёстой.  Үүний тулд төрийн оролцоог тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байлгаж, бизнесээ дэмждэг нам болох ёстой гэдэг дээр гишүүд илүү ярьж байна.

Мөн байнгын тарихи ажиллуулдаг нам байна. Тэр тархи нь ямар тархи байх вэ гэхээр бодлого боловсруулдаг, сургалт зохион байгуулдаг,  гишүүдээ байнга сургаж, үнэт зүйлээрээ цэнэглэгддэг, чадварыг бий болгоно. 

Ардчилсан намаас сонгогдоод томилогдоод ажиллаж байгаа лидер нь ардчилсан үзэл санаатай байх. Үнэт зүйлтэй нам хэрнээ өсөж яваа удирдах боловсон хүчиндээ үнэт зүйлээ зааж сургах тогтолцоогүйгээс болоод эргээд хартал  ардчилсан бус шийдвэр гаргах бололцоотой болсон байна.

Гурав дахь шинэчлэл нь бодлогын нам байх. Ардчилсан намд буцлаад байгаа энэ олон ургальч үзлийг яаж намынхаа бодлого болж ашиглах юм бэ гэдгээ ярилцаж байна.


Р.ГОНЧИГДОРЖ: ШИНЭЧЛЭЛИЙГ ХОЁР ҮЕ ШАТТАЙ ХИЙНЭ

Ардчилсан нам шинэчлэлийнхээ хөтөлбөрийг энэ их хурлаараа хэлэлцэж байна. Шинэчлэлийн нэг чухал асуудал нь намын дүрэм. Хоёр үе шаттайгаар хийнэ. Энэ удаагийн хурлаар намын дүрмийн шинэчлэлээ эхлүүлье. Хамгийн түрүүнд намаа илүү нээлттэй болгох, гишүүнчлэлээ нээлттэй болгох, намын удирдлагуудыг сонгох үйл ажиллагаа нээлттэй байх, намын аливаа асуудал бодлогын хэлэлцүүлэг нээлттэй байх. Намын бүх шатны байгууллагууд энэ чиглэлээрээ байнгын тогтмол хугацаанд хуралддаг, зөвлөлддөг байх. Хэлэлцэж байгаа асуудал нь намаас гаргаж байгаа бодлого, орон нутгийн болон улсын бодлого хэлэлцдэг дүрэм, журамтай болох явдал юм.

Ардчилсан нам бол өөрийн гэсэн бодлоготой, үзэл баримтлалтай. бодлогын нам болно гэдэг нь энгийн үгээр томъёолж ярьж байгаа юм. Бидний хэлэлцдэг асуудал нь ямар нэг албан тушаал, дарга цэргийн тухай асуудал биш бодлогоо хэлэлцдэг бүх шатны намын байгууллагатай улс төрийн нам байя гэдэг рүү шинэчлэл хийгдэж байна.


С.ОДОНТУЯА: НАМЫН ДҮРЭМД ДЭД ДАРГА НЬ ЭМЭГТЭЙ БАЙХ ЗААЛТ ТУССАН

Эмэгтэйчүүдийн квотын асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. УИХ-д эмэгтэйчүүдийн квоттой болсон, сая Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-нд квоттой болж чадлаа, Их хуралд байгаа төлөөлөл квоттой байна. Намын даргын асуудал дээр ч дэд дарга нь заавал эмэгтэй байна гэсэн заалт орсон. Ажлын хэсэг, ҮЗХ-ны гишүүд эмэгтэйчүүдийн квоттой байх асуудлыг дэмжиж байна.

Хоёрт эмэгтэйчүүдийн хувьд санхүү тулгамдсан асуудал байдаг. Үндсэн дүрмээрээ үүнийг эцэслэж шийднэ. Эмэгтэй гишүүдэд ямар нэг хөнгөлөлт үзүүлэх үү, үгүй юу гэдгийг дүрмээр эцэслэж шийднэ.

Намын даргад нэр дэвшинэ гэсэн асуудалд манай эмэгтэйчүүдийн нэр сонсогдохгүй байна, гэхдээ дэд даргад эмэгтэйчүүд маань нэр дэвшинэ.


С.ЛАМБАА: МАНАЙ НАМЫН ДҮРЭМ МУУ БИШ

Манай намын дүрэм угаасаа муу дүрэм биш. 2000 онд Ардчилсан намын Их хурлыг таван нам нийлж хийхдээ маш сайн боловсруулсан дүрэм баталсан. Миний мөнхийн байр суурь бол энэ сайн дүрмээ хэрэгжүүлээгүй. Хэн намын дарга болов тэр нь өөрийнхөөрөө явж заншсан учраас Ардчилсан намын нэр хүнд унасан. 1210 хүн цуглаад Ардчилсан намыг  шинэчилчихнэ гэдэг юм байхгүй, урт хугацаанд үргэлжилнэ гэж бодож байна. Тэгэхээр энэ хуралдаанаар ирэх гурван сард үргэлжлэх эхний ажлуудыг төлөвлөнө гэсэн үг. Намын даргаа сунгаагаар сунгана, үүрээсээ эхлээд ҮЗХ хүртэлх бүх намын удирдлагын байгууллагыг татан буулгаад шинээр сонгоно. Энийгээ сонгох журмаа батална.

Аймаг, сум, нийслэл, дүүргийн намууд тодорхой бүлэг хүмүүсийн өмчлөлд шахуу оччихоод байгаа. Энийг задалж гишүүдэд нь өгнө. Дарга, цэргээ дүрмийнхээ дагуу хугацаанд нь сонгож байх юм. Нэг өдөр болъё гээд хурлаа цуцлаад яваад байж таарахгүй.

Өнөөдрийн их хурал бол 2000 оны таван нам нийлсэн тэр намын том хурлын адил чанартай хурал болж байна. Тийм учраас 1012 төлөөлөгч сэтгэл их өег байна. Хөтөлбөрөө баталсны дараа  ирэх долоо хоногоос намын байгууллагыг шинчлэх ажил эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж