Засгийн газраас өргөн барьсан оффшорын гэж нэрлэсэн хуулийн төслийг УИХ санаачлагчид нь буцаалаа. Энэ хуулийн үндсэн нэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл юм. Хуулийн төсөл гурван зүйл заалтаас бүрдсэн бөгөөд яагаад ингэж маргаан дагуулж, хуулийг буцаахад хүрсэн бэ гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө санаатай болон санамсаргүйгээр Монголын улстөрчид, бизнес эрхлэгчид болон тэдний ах дүү хамаатан садны гадаад дахь дансны мэдээллүүд олон нийтэд ил болсон. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд багтдаг улс орнуудад манай улсын хэд хэдэн улстөрч данстай гэдэг нь ил болсон. Гадаадад, дотоодод данстай байх, үгүй нь хувь хүний эрх ч төрийн өндөр албан тушаалтнууд нь гадаадын оффшор бүсэд их хэмжээний данс нээлгэж, мөнгө хадгалж байгаа нь яаж ч харсан хардлага төрүүлэхээр. Авлигад авсан мөнгөө татваргүй дансанд нуусан уу, улсын мөнгө шамшигдуулсан уу гэх зэргээр олон нийтийн хардлагад өртөж байсан. Тиймээс Засгийн газраас улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын гадаадад данс эзэмших, хувь нийлүүлэх, мөнгө байршуулах зэрэг асуудлыг нь таслан зогсоохоор оффшорын хууль өргөн барьсан юм. Хууль өргөн барьж байгаа нь сайшаалтай ч нэгэнт баталж байгаа хуулиа өргөн цар хүрээтэй, эзэндээ хүрч үйлчлэх хууль батлах нь чухал асуудал.
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2016.12.06/ хуралдаанаар оффшорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуулийг хууль санаачлагчид нь буцаасан юм. Засгийн газар энэ хуулийг өргөн барихдаа учир дутагдалтай буюу “түүхий”-гээр нь оруулж ирсэн гэж үзэн ийнхүү хуулийг буцаах санал Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн юм. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгө хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хоригложээ. Ингэхдээ зөвхөн нэр дэвшиж байгаа хүн нь өөрийн нэр дээр гадаадын нутаг дэвсгэрт банкны данс нээлгэх, эзэмших, мөнгө байршуулах, хувь нийлүүлэхгүй гэдгийг тодотгосон нь хууль буцах нэг шалтгаан байв. УИХ-ын зарим гишүүний хэлж байгаагаар зөвхөн нэр дэвшигч биш түүний гэр бүлийн гишүүд, хамаатан садан нь мөн гадаадад данс нээлгэх, эзэмших, хадгалахыг нь хориглох ёстой гэдгийг шүүмжилж байгаа юм.
Мөн зөвхөн “албан үүргээ гүйцэтгэж байхдаа” данс нээлгэх, эзэмшихийг нь хориглосон нь хууль буцах бас нэг шалтгаан. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа данс нээлгэж болохгүй бусад үед болох юм шиг ойлгогдохоор байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж буй. Төрийн алба хашиж байх хугацаандаа данстай байх уу эсвэл төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад буюу оффшор бүсэд дансгүй байх уу ёстой юу гэдгийг тодорхой болгохыг хууль санаачлагчид сануулсан.
Харин хууль санаачлагчдын зүгээс төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмшихийг хориглох нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлого, дансыг мэдүүлэх зохицуулалттай. Төрийн өндөр албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа нэр дээр данс нээсэн, хөрөнгөө нуусан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулиар зохих ял шийтгэл хүлээлгэх боломжтой гэдгийг сануулж байгаа юм.
Энэ хуулийг дахин боловсруулан өргөн барих зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ хуулийн үйлчлэлийг чангатгах, илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг тусгаж оруулж ирэх нь хууль санаачлагчдын анхаарах гол зүйл юм.
Сануулахад, Загсийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн заалтууд:
101.1.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.
101.2.Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилогдох албан тушаалд нэр дэвшигч тухайн албан тушаалд нэр дэвшихдээ холбогдох байгууллагад гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан эсэхийг урьдчилан мэдээлэх үүрэгтэй.
101.3.Энэ хуулийн 101.2-т заасан нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор зохих арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
101.4.Энэ хуулийн 101.1-д нийтийн албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах хамаарахгүй.
Ш.ЧИМЭГ