Д.Дондог гишүүний асуудлаар ард түмний санал асуулга явуулъя

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Д.Дондог гишүүний асуудлаар ард түмний санал асуулга явуулъя

УИХ-д хуулиар хүлээсэн үүргээ хүлээх чадамж байна уу. Хууль шиг хууль баталж, хууль шиг хуулиар улс орныхоо эрх ашгийг хамгаалах үүрэгтэй шүү дээ, энэ УИХ. Иймд энэ хоёр асуултыг дахин, дахин асуумаар байна. Цаашлаад ард нийтийн санал асуулга ч явуулсан буруудах зүйл үгүй. Тэртэй тэргүй Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдгээр ард нийтийн санал асуулга явуулж болж байгаа юм чинь “Ардчилсан Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн чадамж байна уу” гэдгийг яагаад асууж болохгүй гэж. Хоёр том намын эрх ашгийн төлөө явуулж болдог ард нийтийн санал асуулгыг дээрх хувилбараар явуулбал илүү шударга болох биз. Ийн эцсийн шийдлийг УИХ-ын гишүүний эрх мэдлийн энгээс, бус ард нийтээс асуух болсон шалтгаан нь Д.Дондог гишүүнтэй хамааралтай юм.

Тэрбээр өөрийгөө гэмгүй, шударга нэгэн хэмээн дүгнэж байгаа. Тодруулбал, хоёр туслахынхаа өдүүлсэн хэргээс үүдэн тэрбээр гүтгэлэг, доромжлолын бай болчихсон гэх. Баримтаар яривал, түүний туслах нь УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр бусдаас 300 сая төгрөг зээлжээ. Үүнийхээ 150 саяыг нь Д.Дондог гишүүнд өгч, үлдсэнээр нь туслах залуу өөртөө машин тэрэг авахаас эхлээд гайгүй сайн тансаглаж амжсан гэдэг. Энэ тайлбарыг Д.Дондог гишүүн удаа дараа сонин, хэвлэлд өгч “Би ямар ч буруугүй. Хуулийн байгууллагын ажилд мөнгө, улс төр оролцчихгүй л бол буруугүйг минь тогтооно” хэмээн бяцхан улстөржих болсон. Нэг ёсны Д.Дондог гишүүн тухайн үед сонгуулийн ажилдаа хэрэглэх зорилгоор 150 сая төгрөг зээлээд их удалгүй буцаагаад төлчихсөн хэрэг. Үүнд нь Улсын ерөнхий прокурор итгэхгүй, гурван ч удаа УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хү­сэлт тавиад байгаа. Магадгүй мөнгө төгрөг, улс төр энэ тэр нь үйлчлээд номхон хүлцэнгүй гишүүнийг зо­воогоод ч байгаа юм уу, бүү мэд. Ямартай ч өөрийнх нь амнаас гарч буй тайлбараас харахад ингэж өмөөрмөөр.

Гэвч “Д.Дондог гишүүн төдийгүй УИХ-ын дээр Үндсэн хууль байдаг” хэмээн ном ёсоор нь асуудлыг харвал энэ хэрэг арай л хэтэрчихэж.

Чухам Д.Дондог гишүүн юу гэж тайлбарлах нь энд огт хамаагүй. Гагцхүү УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалт бий. Энэ дагуу Улсын ерөнхий прокурор гурвын гурван удаа УИХ-д бичиг хүргүүлээд тусыг олсонгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тэр бүрт “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэх явцад, эсвэл хэргийн газар нотлох баримттай баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалт бий. Тиймээс гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй” хэмээн хариулж буй. Тэр ч бүү хэл хоёр дахь удаад нь “УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна” гэсэн хариу өгч байсан. Тэр үед Ардчилсан нам Сонгуулийн тухай хуулиар завсарлага аваад байсан учраас Д.Одбаяр гишүүнд асуудлыг ингэж аргацаах боломж олгосон гэж болно.

Тэгвэл дөрөвдэх удаад нь нийслэлийн Прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг гурван удаа хэлэлцэлгүй буцааж, хууль зөрчих болсон шалтгаанаа тайлбарлахыг УИХ-ын Тамгын газраас асуух нь тэр. Бас л албан бичиг. Албан бичиг, бичигтээ “Хууль зөрчиж буй үндэслэлээ тайлбарла” хэмээн шахсан нь УИХ-ын гишүүдийг ямар өчүүхэн, увайгүй үйлдлийнхээ цаана өөрсдийгөө хаацайлж суудгийг гэрчлэх биз.

Гол нь энд УИХ-ын гишүүн Д.Дондог бусдыг залилсан, залилаагүй нь хамаагүй. Хууль баталж, хуулиа дээдэлж, хуулиа мөрдөхөд   хамгийн гол  үлгэр жи­шээ нь байх   ёстой УИХ ингэж арчаагүйтэж байгаа нь эл сэдвээр ард нийтийн санал асуулга явуулах шалтгаан юм. Ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн үндэслэлийг Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Уг нь улс орны эрх ашигтай холбоотой онцгой чухал асуудлаар хэмээн тодотгосон байдаг ч Улсын ерөнхий прокурорын хүсэлтэд хариу өгч хүчрэхгүй байгаа УИХ-тай хойно одоо яая гэхэв. Ард нийтийн санал асуулга явуулаад сонгуульд оролцогчдын олонх нь “Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв” гэж үзвэл хэсэг хугацаанд түдгэлзүүлээд, холбогдох маргааныг нь яагаад шалгаж, шийдэж болохгүй гэж. Нэгэнт Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гээд заачихсан байхад шүү дээ.

Нэг ёсны УИХ-ын гишүүд л асуудлыг хүндрүүлж, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр боломжийг ашиглан спикерийн үүрэг гүйцэтгэж тоглоод байгаа болохоос бус шууд Д.Дондог гишүүний бүрэн эрхийг нь хасах тухай ойлголт энд байхгүй. Зөвхөн түр хугацаанд түдгэлзүүлээд Д.Дондог гишүүн буруугүй бол эргэн УИХ-ын гишүүний  бүрэн эрхээ эдлэх л асуудал. Өнгөрсөн УИХ-д ч Л.Гүндалай, С.Отгонбаяр тэргүүтэй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай маргаан дэгдэж байгаад асуудлыг ёстой л “нүдэн балай, чихэн дүлий” гэгчээр өнгөрүүлсэн. Энэ удаад ч тэд сурсан зангаа ашиглах нь. Иймд ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх үүрэгтэй Д.Дондог гишүүний асуудлыг ард нийтээр хэлэлцүүлье. Ирэх есдүгээр сард зохион байгуулахаар хэлэлцэж байсан ард нийтийн санал асуулгаа “Д.Дондог гишүүнийг яах вэ” гэсэн сэдвээр шууд сольчих. Дотроо шийдэж чадахгүй, шийдэхгүй гэж муйхарлаад байгаа асуудлыг нь ард нийт шийдсэн шиг шийдээд өгөх байлгүй дээ. Тэр цагт нам нь гишүүнээ, гишүүн нь намаа хамгаалах гэж хуулийг хууль биш болгодог одоогийн зуршлууд үгүй болно гэж найдъя, улстөрчид өө.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж