“Хайр үгүйлсэн зүрхээ аргадаад
Хайлан уяран дуулсаар явна аа би
Сэтгэлийг минь ойлгоод шүүрс алддаг
Сэвшээ хонгор салхинаас асуугаарай даа” хэмээн хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, З.Түмэнжаргалын шүлэг, “Үүр шөнийн оддоос асуугаарай” дуу 20 жилийн дараа дахин эгшиглэх нь ээ.
Учир нь, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэнгийн амьд тоглолт арванхоёрдугаар сарын 19-нд 20,00 цагаас “UB JAZZ CLUB”-ын тайзнаа ганцхан үдэш болох гэж байна.
Тэрбээр 2008 оноос Франц улсад ажиллаж, амьдарч байсан бөгөөд эх орондоо хүрэлцэн ирж, сэтгэлд хоногшсон сайхан дуунууд энэ л үдэш тайзнаа дахин дуулах гэнэ. Түүний тоглолтод дуучин Э.Оюундарь, “UB Night” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх ажээ.
Дуучин Б.Мягмарсүрэн Сорбонийн их сургуульд урлагийн чиглэлээр багшлахын зэрэгцээ уран бүтээлээ тасралтгүй хийж, тэнд болж буй томоохон тоглолтод оролцсоор иржээ. Тэрбээр эх орондоо хүрэлцэн ирж, өөрийн багш, дуурийн дуучин Лирисса Тосканеллитай хамтарсан тоглолтоо фенүүддээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа сурагтай.
А.СҮРЭН