Татвар, хураамжаа нэмсэн Хятадын шийдвэрийг тодруул гэв

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Татвар, хураамжаа нэмсэн Хятадын шийдвэрийг тодруул гэв

Төсвийн байнгын хорооны хуралдаан хуралдлаа. Тус байнгын хороо ганцхан асуудал хэлэлцэх тов гарсан. Гэвч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай болсон тул анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Манай улс хоёр хөрштэйгөө стратегийн түншлэлийн харилцаатай. Гэтэл яагаад ӨМӨЗО-ны боомтууд манайхаас гарч байгаа бараа бүтээгдэхүүний татвар, хураамжийг нэмэгдүүлж байгаа юм бэ. Үүнийг тодруулж байнгын хороон дээр мэдээллээрэй” хэмээн ажлын хэсгийнхэнд үүрэгдэв. Ч.Хүрэлбаатар гишүүн татвар, хураамжийн асуудал дээр ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа зарчмын зөрүүтэй гурван асуудлаар санал хураагаад, хуулийн төслийг дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зарим нэг хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар биш нэмэлт өөрчлөлтөөр оруулах санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хууль, Аудитын тухай хууль гэх мэт дөрвөн хуулийн төслийг хасах санал гаргав.

Хуралдааны явцад тогтоолын төсөлтэй холбоотой байнгын хорооноос гарсан саналыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж