Хилээр адуу гаргахыг завдсан иргэдэд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Хилээр адуу гаргахыг завдсан иргэдэд хариуцлага тооцно

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахыг завдан хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцохоор болжээ. Учир нь тус боомтоор адууг олноор нь тээвэрлэж хил гаргахыг завдсан, тээвэрлэх замдаа тамлаж хөнөөх явдал гарч байгаа талаар бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Тэгвэл энэ дагуу аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.

Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч байгаа аж. Мөн Бичигт боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулах ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж