Улсын Филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатарын "Миний захидал" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал өнөөдөр /2016.12.07/ 12 цагаас Улсын Филармонийн байранд боллоо.
Хэвлэлийн бага хуралд дуучин Н.Наранбаатар, Герман улсын хөгжимчин, продьюсер Мартин Зенкер нар оролцож шинэхэн жазз цомгийн талаар мэдээлэл өгсөн юм. Дуучин Н.Наранбаатар анхны бие даасан жазз цомгоо “Миний захидал” хэмээн нэрлэсэн тухай хэлэхдээ “Энэхүү цомог маань энэ цаг үед миний бичиж, үлдээж буй захидал” гэсэн үүднээс ийн нэрлэсэн гэв.
Тэрбээр “Гадаадын чадварлаг хөгжимчидтэй хамтран гаргаж буй “Миний захидал” цомог маань сонсогчдодоо хүрэхэд бэлэн боллоо. Энэ цомогтоо Австри, Герман, Солонгос, Монгол, Оросын жазз хөгжмийн алдартай хөгжимчид хамтран ажилласан. Шинэхэн цомогт маань хайртай хосууд бие бие рүүгээ тэмүүлж байгаа “Захиа” хэмээх дуу багтсан. Уг дууны аяыг Харанга хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат ах зохиосон бол үгийг нь яруу найрагч Ү.Хүрэлбаатар ах маань бичсэн. Мөн хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн ая, яруу найрагч Б.Явуухулангийн үг “Би чамд хайртай”, М.Норсонжавын “Ийм нэгэн сэтгэл”, Л.Мөрдоржийн “Дөрвөн цагийн тал”, “Оргилуун залуу нас” зэрэг уран бүтээлүүд багтсан. Эдгээр монголын сор болсон сайхан дуунуудыг гадаадын гарамгай хөгжимчид хэрхэн тоглох нь маш сонирхолтой. Тэгээд би дууныхаа утга санааг ярьж, тайлбарлаж өгснөөр хөгжимчид маань сэдлийг авч дууны найруулгуудыг хийсэн нь надад маш их таалагдсан. Сонсогч бүхэнд ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн танилцууллаа.
А.СҮРЭН