Дээрмийн хэрэг өсч байгааг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Дээрмийн хэрэг өсч байгааг анхаарууллаа

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 353 гэмт хэрэг бүртгэгдэнээс 62.9 хувь нь илэрсэн байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэстэй хамтран тухайн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 10-24-ний хооронд “Цохилт” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

14 хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэрэг үйлддэг есөн бүлгийг шалгаж, 87 гэмт хэрэг илрүүлсэн байна.

Тухайлбал, урьд өмнө нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж 2015 оны арваннэгдүгээр сард Өршөөлийн хуулиар суллагдсан Р.Ц нь нийслэл хотын хэмжээнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 21 гэмт хэрэг үйлдсэн байжээ.

Мөн бага насны хүүхдийг сургуульдаа явах замд нь орцонд оруулж айлган сүрдүүлэн эд зүйлсийг нь дээрэмддэг насан хүрээгүй Н.Н, М.Х нарыг шалгахад 16 удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлддэг этгээдүүдийн талаар иргэдээс мэдээлэл авч шалгахад, Б.Б, Г.Т, Ц.И, Э.Б, Н.Б, Н.Л, М.А нар бүлэглэн удаа дараагийн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Энэ этгээдүүдийн Б.Б нь ЗХ-ний 0150 дугаар ангид ахлагчаар ажилладаг бол бусад нь ерөнхий боловсролын сургуулиуд сурдаг аж.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь 16-25 насны урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хуулийн мэдлэг дутмаг залуучууд зонхилж буй юм. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хувийг сургуулийн насны хүүхдүүд эзлэх болжээ. Иймээс багш, эцэг, эхчүүд сурагчдыг болзошгүй гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж