Хонь, ямааны гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбоотойгоор Орхон аймгийн Засаг даргын захирамжаар “Ажлын хэсэг” байгуулагдаж яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж мэдээллээ солилцохын зэрэгцээ ойрын хугацаанд шийдвэрлэх ажлаа төлөвлөлөө. Юуны өмнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумтай хиллэдэг Жаргалант сум эрсдэлтэй байдалд байгаа. Иймд “Хяналтын пост”-ын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, амьд мал огт тээвэрлэхгүй байх, арьс шир болон гарал үүслийн бичгийг сайн хянах, ариутгал халдваргүйжүүлтийг нэмэгдүүлэх, гурван замын уулзвар дээр малын эмч, ОБГ зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгтэй гэлээ.
Мөн Булган аймгийн Бугат сумын удирдлагуудад хандаж “ Хяналтын пост” ажиллуулах албан хүсэлт тавих ажээ. Учир нь Орхон аймаг баруун талаараа Бугат сумтай хиллэдэг бөгөөд үүгээр дамжиж мал орж ирэх магадлалтай тул Булган аймгаас хяналтын пост ажиллах нь зүйтэй гэсэн санал гарлаа. Өнөөдрийн байдлаар Орхон аймгаас Жаргалант сум, Мянганы замын чиглэлд хоёр пост ажиллаж байна. Нэг пост 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 ээлжээр ажиллаж байна. Өдийд иргэд өвлийн идшээ бэлтгэдэг. Иймд цэцэг өвчин гарсан газраас амьд мал болон мах, арьс шир тээвэрлэхгүй байх, иргэд ил задгай газраас мах худалдаж авахгүй байх, арьс ширний худалдаа эрхлэгчид ариутгал, халдваргүйтлийг тогтмол хийх хэрэгтэй хэмээн Засаг даргын орлогч С.Батжаргал анхаарууллаа.
Цэцэг өвчин нь малын гоц халдварт өвчний тоонд багтдаг бөгөөд олон улсын худалдааны хорио цээртэй заалтад багтдаг. Иймд цэцэг өвчнөөр өвчилсөн малыг шууд устгадаг юм. Харин малын хашаа хороо, тоног хэрэгслээр дамжин халдварлах эрсдэлтэй тул ариутгалыг маш сайн хийх хэрэгтэй ажээ. Манай аймагт 90 мянган бог малтай юм.
Эх сурвалж: www.erdenet.mn