Эмийн сангуудын орлого эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Эмийн сангуудын орлого эрс өсчээ

“Мөөгөнцөрийн эсрэг эм байна уу?

-Хэдэн настай хүүхэд вэ?

-11 сартай хүүхэд.

-Ширхэг нь ямар үнэтэй вэ?

-1000 төгрөг” хэмээн эмийн санч хариуллаа. Ийн Х.Батгариг гэх нэгэн аав эмийн сангаас эм худалдан авч байв. Тэрбээр “Манай хүүхэд ханиад хүрээд гүйлгэж байгаа. Одоо Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ханиадны эмтэй хавсарч мөөгөнцөрийн эсрэг эм уухыг эмч зөвлөсөн. Манай гэр бүл сүүлийн долоо хоногт 150 мянган төгрөгийг зөвхөн ханиадны эм худалдан авахад зарцууллаа. Тэгээд бас 50 мянган төгрөгөөр наашаа цаашаа эмнэлэг хооронд явах шатахууны зардал гарч байна” гэсэн юм.

Түүнтэй зөрөөд эмийн санд орж ирсэн нэг залуу “Хоолой өвдөөд байна. Ямар эм уувал тохиромжтой вэ” хэмээн эмийн санч бүсгүйгээс асууж байлаа. Ийнхүү хоолойн өвдөж ханиад хүрсэн, хүүхэд нь халуурч бүлээрсэн гэх эцэг, эхчүүд хамгийн түрүүнд өөрт аль ойрхон эмийн санг зорьдог. Зуд болохоор нохой зоолж, зовлон болохоор лам зоолдог гэгчээр хүйтний улиралд ханиад томчууны дэгдэлт нэмэгдсэнээр хямралтай үед харин ч эмийн сангуудын ашиг орлоготой ажиллаж байна.

Ханиад томууны дэгдэлт ихэссэн энэ л үед өрх, дүүргийн эмнэлгүүд ачаалалд дарагдахаас гадна эмийн сангаар үйлчлүүлэх иргэдийн ачаалал ч нэмэгдэх аж. Эмийн сангуудын оргил ачаалалтай цаг нь өглөө эмч нарын үзлэг эхэлсний дараа болон ажил тарах цагаар ихэсдэг гэдгийг эмийн санч нар хэлж байлаа.

Эмийн санчаар 10 гаруй жил ажиллаж буй Н.Алтанцэцэг “Эмийн сангууд айхтар ачаалалтай ажиллахгүй байгаа ч энэ үед үйлчлүүлэгч ихтэй байдаг. Хүмүүс ихэвчлэн ханиад томуугийн эсрэг эм худалдаж авдаг. Манай эмийн сангаар л гэхэд өдөрт 100 хүн үйлчлүүлдэг. Эмнэлэгийн дэргэдэх эмийн сангууд илүү их ачаалалтай байдаг” гэв.

Харин Гуравдугаар дунд сургуулийн дэргэдэх эмийн санч Г.Хулан “Эмийн сангаар эм хэрэглэсээр байгаад дасал болсон хүмүүсийг байнгын үйлчлүүлэгч гэдэг. Жишээ нь даралтны эм тогтмол хэрэглэдэг үйлчлүүлэгчид байна. Мөн хоолой өвдөж байна, хамар битүүрээд байна ямар эм уух вэ гэж хандах хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг. Өдийд ямар ч эмийн сан ачаалалтай байдаг. Үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь эмийн жоргүй дураараа эм худалдан авах гэж ирцгээдэг. Иргэд сүүлийн үед үйлдвэрлэгдсэн вирусын гаралтай ханиадны эсрэг эмнүүдийг ихээр худалдан авдаг” гэж ярилаа.

Томуугийн вирусын гаралтай ханиад арванхоёрдугаар сараас идэвхжиж эхэлдэг. Гэтэл энэ жил эрт хүйтэрснээс сар гаруй хоногийн өмнө ханиад томуугийн оргил үе эхэлжээ. Энэ хэрээрээ иргэд ханиад хүрлээ, хүүхэд өвдөнгүүт л эмийн санг зорьдог нь эмийн сангуудыг ачаалалтай, ашигтай ажиллуулж байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж