Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын захирамжийн биелэлтийг ханган ажиллах “Нийтийн эргүүл”-ийн салхийг 1-р багийн иргэд хагаллаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хуваарийн дагуу "Нийтийн эргүүл"-д ажиллуулах ажил 11-р сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Аймгийн Цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж буй "Нийтийн эргүүл"-ийг ажиллуулах ажлын анхны гараанд Сүхбаатар сумын 1-р багийн иргэд, сумын ЗДТГ-ын алба хаагчид оролцлоо. Цагдаагийнхан “Амар тайван амьдралын төлөө” гэсэн эрхэм зорилгоо хүндэтгэн биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах ажлаа ийнхүү идэвхжүүлж эхлээд байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дан ганц Цагдаагийн байгууллагад хариуцуулан өгдөг ажил ард хоцорч, олон нийтээрээ хамтран зүтгэх болсныг иргэд таатай хүлээн авч байгаа юм. Энэ ч утгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга 11 дүгээр сарын 28-ны өдөр "Нийтийн эргүүл ажиллуулах тухай" А/161 тоот захирамжийг гаргасан байна. Энэхүү нийтийн эргүүлүүд шөнийн цагаар ажиллана.
Эх сурвалж: selenge.gov.mn