Алдарт хөлбөмбөгч Франко Барези Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Алдарт хөлбөмбөгч Франко Барези Монголд ирлээ

Европын “акуулууд”-ын нэг, Италийн “АС Милан” клубын ахлагч-асан Франко Барези Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын урилгаар өчигдөр Монголд хөл тавилаа. Өнгөрсөн жил хотын мэр Г.Мөнхбаяр Италид айлчлах үеэрээ Милан хотын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд “АС Милан”-ы тоглогч, дасгалжуулагчдыг эх орондоо урьсны хариуд ийнхүү Дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчийн нэг, ХХ зууны Италийн болон “АС Милан”-ы шилдэг хөлбөмбөгч, дэлхийн аварга Франко Барези Улаанбаатарт иржээ. Түүнийг Буян-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд клубынхаа менежер Маркогийн хамт газардсаны дараа нийслэлийн Засаг даргын орлогч А.Баатарзориг болон албаны бусад хүн нийслэлийн төр захиргааны Хангарьд ордонд хүлээн авч уулзсан байна. Тэрбээр энэхүү уулзалтын үеэр “Биднийг халуун дотно хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Энэхүү уулзалт “АС Милан” клуб, Улаанбаатар хотын цаашдын харилцан хамтын ажилгааны эхлэл юм. Бид Монголын хүүхэд залууст хөлбөмбөг зааж, сургахдаа маш их баяртай байх болно” хэмээсэн юм. Миланы алдарт хөлбөмбөгчин Монголд дөрөв хоног саатан Монголын хүүхэд залууст хөлбөмбөгийн талаар өөрсдийн мэдлэгээсээ хуваалцан, мэргэжлийн талаас нь зааж сургах ажээ.  Өчигдөр тэрбээр ирсэн даруйдаа хэвлэлийн бага хурал хийж, “Улаанбаатар” багийнхантай уулзсан юм. Харин маргааш түүний араас тус багийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ. Эл багийн бүрэлдэхүүнд “АС Милан” клубын нэгдүгээр багийн дасгалжуулагч, менежер болон олон жил хөлбөмбөгт хүч үзэж яваа алдартай хөлбөмбөгчид ч багтаж байгаа гэнэ.

Гэрэл зургийг www.inet.mn

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж