Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсов

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 9 цаг 43 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилохыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 15 сарын хугацаанд Үндэсний зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоогүй тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Иймээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл тухайн гишүүнийг анх нэр дэвшүүлж томилуулсан Засгийн газарт уг зөвлөмжийг албан бичгээр уламжилсан байна. Энэ асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул А.Мөнхбатыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Дараа нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаархи танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хийсэн юм. Засгийн газраас нэр дэвшүүлж томилуулсан А.Мөнхбатыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татсантай холбогдуулан Х.Чилаажавыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болгож буйг тэрбээр дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг гишүүдэд танилцуулав.

Х.Чилаажав нь ХААДС-ийг мал эмнэлгийн биотехнологич мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, нэгдлийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга, Монголын үндэсний төв номын сангийн захирал, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан, сэтгүүлч, яруу найрагч. Түүнийг “Компанийн сайн засаглалыг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг Засгийн газар дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэр дэвшигчээс урьд нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, даргаар ажиллаж байсан хүний хувьд одоо энэ байгууллагад үүсээд байгаа асуудлыг хэрхэн харж байгаа, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой байгааг нь тодруулахад нэр дэвшигч Х.Чилаажав “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь өөрийн тодорхой статустай, хуулиар хүлээсэн тодорхой чиг үүрэгтэй байгууллага. Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс авсан мэдээллээс үзэхэд Үндэсний зөвлөл нь гүйцэтгэх захирлаа хянаж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, удирдлага нь МҮОНРТ-ийн дүрмийг хэрэгжүүлдэггүй тал байх шиг байна. Иймээс Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдвол хуулийн боломжийг дайчилж, хуулийн хүрээнд ажиллана” гэсэн хариулт өгөв.

Ингээд санал хураалт явуулахад Х.Чилаажавыг Монголдын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсов

Дараа нь Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. МҮОНРТ-ийн ажиллагсад, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатаар ахлуулан дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тус Байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцуулсан юм. Ажлын хэсэг нэгд, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, ерөнхий захирал хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа, хоёрт, тэнд ажиллагсдын Түр хорооноос хууль зөрчигдөж байгаа талаар тавьсан асуудлыг магадлан, танилцсан, гуравт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаатай танилцаж, холбогдох албан тушаалтан, радио, телевизийн уран бүтээлчид, ажиллагсадтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих; Олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох; Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах; Хяналтын зөвлөл нь МҮОНРТ-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежмент, төсвийн төсөл, санхүүгийн жилийн тайланд дүгнэлт хийж, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх; ОНРТ-ийн ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах, баримтын шалгалт хийх, дүнг Үндэсний зөвлөлд танилцуулах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байна гэж ажлын хэсэг үзжээ. Мөн Үндэсний зөвлөл уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан "Ерөнхий захирлаар … улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно" гэснийг зөрчин тухайн үед Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ерөнхий захирлаар томилоход Үндэсний зөвлөлийн зарим гишүүд хуулийн заалтыг сануулж, уг шийдвэрийг эсэргүүцэж байсан байна. Түүнчлэн Ц.Оюундарь нь Ардчилсан намын ЕНБД-ын ажлаа 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хүлээлгэн өгөөгүй байсан нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.5 дахь хэсгийг илт зөрчсөн явдал болсон байна гэж үзжээ.

Мөн ерөнхий захирал Ц.Оюундарь нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3.2 дахь хэсэгт "Олон нийтийн радио, телевизийн зорилго болох үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох" гэснийг зөрчиж, МNB2 сувгийг өргөн нэвтрүүлгээр цацах эрхээ аваагүй бөгөөд уг нэвтрүүлгийг 2016 оны 9 дүгээр сар хүртэл кабелийн телевизийн 50 дугаар сувгаар цацсан байна. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.", 13.3 дахь хэсэгт "Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна." гэсэн заалтыг зөрчин МҮОНРТ-ээр арилжааны (сүү, угаалгын бодис зэрэг) сурталчилгаа явуулсан бөгөөд тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийг 3 сувгийн нийт цагаар тооцож 2 хувиас хэтрүүлэн сурталчилгаа гаргасан байна. Мөн хуулийн 24.1.10-т "Олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах;" гэж заасны дагуу Үндэсний зөвлөлийн баталсан журмыг ерөнхий захирал нь мөрдөхгүй байгаа бөгөөд жил гаруйн хугацаанд бүтцийн өөрчлөлтийг 5 удаа хийж улс төрийн халаа сэлгээ хийх боломж бүрдүүлэн улмаар зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг дур мэдэн өөрчилж, мэргэжлийн баг бүрдүүлэх нөхцөлийг хязгаарлаж иржээ. Тухайлбал, жил гаруйн хугацаанд Монголын мэдээ сувгийн захирал 4 удаа, МҮОНРТ-ийн дэд захирал 3 удаа, MNB1 дүгээр сувгийн захирал 3 удаа солигджээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчийн хүлээх үүргийг зөрчсөн шийдвэрүүд гаргасны улмаас ажиллагсдын эрх ашиг хохироход хүргэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж олон нийтийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх, зориулалт бусаар зарцуулах, сонгон шалгаруулалт явуулах заалтуудыг зөрчиж шууд гэрээ хэлэлцэл хийх зэргээр хууль зөрчсөн талаар ажлын хэсгийн танилцуулгад тодорхой баримт жишээ дурдсан байна. Тухайлбал, 145 229 175 төгрөгийн үнэ бүхий "Хамтран ажиллах гэрээ" гэх бартерийн гэрээг "Метис Жи Соундс" ХХК-тай шууд хийж лед дэлгэц худалдан авсан ч уг дэлгэц нь техникийн шаардлага хангахгүй, ашиглах боломжгүйгээс болж МҮОНРТ-д 27 098 750 төгрөгийн хохирол учирсан. Event Hall байгуулах зураг төсөв хийх, засвар үйлчилгээ хийх зэрэг 2 ажиллагаанд мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр гүйцэтгэсэн байна.

Үндэсний зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор барилгын засварын ажил хийж гүйцэтгэх “Герман технологи” ХХК-тай гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ерөнхий захиралд зөвшөөрсний дагуу тус компанитай засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд 428.0 сая төгрөгийн өртөг бүхий барилгын ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, ажлыг бүрэн гүйцэтгэн ажил хүлээлцэж, гэрээ дүгнэсний дараа 5 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 80.0 хувь буюу 342.4 сая төгрөгийг, үлдэгдэл 20.0 хувь буюу 85.6 сая төгрөгийг 30 хоногийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохирчээ. Гэтэл гэрээний нөхцөлийг зөрчин гүйцэтгэгч “Герман технологи” ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 09-нд 40.0 сая төгрөг, 8 дугаар сарын 16-нд 49.0 сая төгрөг, 9 дүгээр сарын 01-нд 48.8 сая төгрөг, нийт 137.8 сая төгрөгийн урьдчилгаа олгосон байна. Мөн “Герман технологи” ХХК-тай байгуулсан энэхүү гэрээгээ концесс гэж ерөнхий захирал тайлбарласан боловч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусаагүй байхад төлбөр төлсөн нь концессийн үндсэн зарчимтай зөрчилдөж байна гэж үзсэн байна. Түүнчлэн олон нийтэд үйлчлэх үзвэр, үйлчилгээний танхимд шаардлагатай тавилга, эд хогшлыг худалдан авах багц ажлыг хоёр хоёроор нь хуваан 50.0 сая төгрөгөөс доош үнэтэй худалдан авалт болгон задалж “Герман технологи” ХХК-тай 4 гэрээ байгуулан нийт 187.6 сая төгрөгийн худалдан авалт хийсэн. Шаардлагатай бараа материалыг 4 хуваан нэг компаниас худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй бөгөөд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2016 оны 208 дугаар тушаалаар баталсан МҮОНРТ-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмын 3.3-д “ …өртөг нь 50.0 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй бол Үндэсний зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулна” гэсэн заалтад хамааруулахгүй гэсэн байдлаар зохион байгуулсан гэж үзэхээр байгааг танилцуулгад дурджээ.

Ажлын хэсэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олны Түр хорооноос ирүүлсэн шаардлага, хүсэлтийн дагуу МҮОНРТ-ийн нийт ажилтнуудтай уулзалт хийж 34 хүний санал, гомдлыг сонссоны зэрэгцээ Захирлуудын зөвлөлтэй уулзалт хийжээа. Энэ үеэр яригдсан асуудал, холбогдох баримтыг танилцуулгад дурджээ. Мөн тус байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хэрхэн хангаж байгаатай ажлын хэсэг шалгаж танилцан зарим зөрчил дутагдал байгааг танилцуулгад дурдаад МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар зарим санал гаргаж буйгаа гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Б.Батзориг, Ж.Батзандан, Ж.Мөнхбат, Д.Сумъяабазар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат, ажлын хэсгийн гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар хариулт өгөв. Мөн Байнгын хорооны дарга Н.Энхболд хуулиар МҮОНРТ нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ чиг үүргээ зөрчиж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадаагүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаагийн улмаас ажиллагсад нь түр хороо байгуулан удаа дараа гомдол, санал хүсэлт ирүүлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийг нь УИХ-аас томилдог учраас байнгын хороо энэ асуудлыг анхааралдаа авч хуулийн хэрэгжилттэй танилцаж холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгөх, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гаргаж ажиллуулсан гэдгийг тодотголоо.

Ингээд ажлын хэсгийн танилцуулгыг сонсож танилцсаны үндсэн дээр МҮОНРТ-д холбогдох хууль тогтоомж, энэ салбарын стандарт норм норматив, болон уг байгууллагын санхүү, тайлан бүртгэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний аудитын газар болон Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсээс ажлын хэсэг гарган иж бүрэн нарийвчилсан шалгалт оруулж шалгалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах үүргийг Байнгын хорооны тогтоолоор холбогдох байгууллагад өгөхөөр тогтов.

Мөн ажлын хэсгийг газар дээр нь очиж шалгахад МҮОНРТ-ийн ажилчид хоёр хуваагдсан байдалтай, байгууллагын дотоод маргаан нь нийгмийн анхаарлын төвд орж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй түвшинд хүрсэн байдалтай байсан нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал болон Захирлуудын зөвлөл нь хамт олныхоо өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагын зөв оновчтой арга барил, эв нэгдэл, дотоод зохион байгуулалтаар хангах чадваргүй байгааг нь харуулж байна гэж ажлын хэсэг танилцуулгадаа тэмдэглэсэн. Иймээс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн заалтыг зөрчсөн зөрчлийг нэн даруй арилгаж, удирдлагын багт арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцон Олон нийтийн радио, телевизийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвар бүхий багийг шинээр бүрдүүлж томилох шаардлага байна гэж үзэн энэ талаархи зөвлөмжийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд санал болгох нь зүйтэй гэж үзлээ. Харин гишүүд хуульд өөрчлөлт оруулах биш гол нь хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарах нь чухал гэдэг дээр санал нэгдэж, хэрэв хууль санаачлагч холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өргөн баривал тухайн үед нь хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж