Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал хуралдах үеэр Монголын ахмадын чөлөөт холбоо ТББ-аас аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад шаардлага хүргүүллээ. Монголын ахмадын чөлөөт холбоо ТББ нь 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн удирдах зөвлөл, ахмадуудын төлөөлөл тэргүүлэгчдийн хуралдааны үеэр холбогдох саналаа уламжилжээ.Үүнд, Монголын ахмадын чөлөөт холбоо ТББ-ын 2016 оны санхүүжилтээс сүүлийн 3 сарын санхүүжилтийг аймгийн ахмадын хороонд шилжүүлсэн, ахмадын ордныг ахмадын хорооны мэдэлд өгсөн, орон нутгийн удирдлагууд ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ыг ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Иймээс Монголын чөлөөт ахмадын холбооны 10,11,12-р сарын урамшууллыг даруй шийдэж олгох, аймгийн ахмадын хороо, Монголын ахмадын чөлөөт холбоотой эрх тэгшээр гэрээ хийж хамтран ажиллах шаардлагыг аймгийн засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нарт хүргүүлсэн юм.
Аймгийн засаг дарга хэлэхдээ: 3 сарын урамшууллыг олгуулах ажлыг зохион байгуулна,орон нутгийн өмчийн газар чөлөөт ахмадын холбооны үйл ажиллагаа явуулах байраар хангах асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгч байна. Ахмадын чиглэлийн үйл ажиллагааг ахмадын хороогоор нэгтгэн зохион байгуулах засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу орон нутгаас барьж байгаа бодлого бодлого бол ахмадын байгууллага нэг байх ёстой хэмээн хэлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN