“Шапекоэнсе”-гийн төлөө гашуудаж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

“Шапекоэнсе”-гийн төлөө гашуудаж байна

Боливийн Санта Круз хотоос Колумбийн Меделлин хотыг зорин ниссэн “Avro RJ85” иргэний агаарын тээврийн онгоцны осолд Бразилийн “Шапекоэнсе” хөлбөмбөгийн багийнхан өртсөн нь хөлбөмбөгийн сая сая шүтэн бишрэгчийн уй гашууг төрүүлж байна.

Онгоц орон нутгийн цагаар Даваа гаригийн 18.18 цагаас Меделлин хот руу ниссэн бөгөөд  22.00 цагийн үед осолджээ. Эх сурвалжууд энэхүү ослоос “Шапекоэнсе” багийн гурван тамирчин, нислэгийн багийн хоёр гишүүн, нэг сэтгүүлч амьд үлдэж, бусад 75 зорчигч амь үрэгдсэнийг мэдэгдлээ.

Бразилийн “Шапекоэнсе” баг нь Бразилийн Сери А лигт тоглодог. Тэд өнөөдөр Өмнөд Америкийн аваргуудын лигийн шигшээ тоглолтоо Колумбийн “Атлетико национал” багтай хийх байсан юм.

“Шапекоэнсе” хөлбөмбөгийн клуб 1973 онд байгуулагдсан 43 жилийн түүхтэй баг ажээ.

Онгоцны ослоос “Шапекоэнсе” багийн хамгаалагч Алан Рушель, хаалгач Жаксон Фоллман, хаалгач Данило нарын гурван хөлбөмбөгчин амьд үлджээ. Зураг дээр Алан Рушель, Жаксон Фоллман нар

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөгийн клубүүд бэлтгэлийнхээ өмнө эмгэнэл илэрхийлж, нэг минут дуугүй зогсож байна.

Аймшигт ослоос амьд үлдсэн Алан Рушел онгоц хөөрөхийн өмнө Рушел багийн хаалгач Данилогийн хамт энэхүү зургийг авахуулжээ.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо тус холбооноос зохион байгуулж байсан бүх үйл ажиллагаа болон тоглолтуудаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

Хөлбөмбөгч хөвгүүдээ онгоцны ослоор алдсан Бразиль улс гурван өдрийн эмгэнэл зарлажээ.

Осолдсон “Шапекоэнсе” багийн дасгалжуулагч Кайо Жуниор ба түүний хүү Матиас Сароли. Сароли нарыг энэ зургаас харж байна. Хүү аавынхаа дасгалжуулдаг “Шапекоэнсе” багт тоглодог ч тэр өдөр нисэх буудалд очтол пасспортоо мартчихсан байжээ. Тиймээс тэр амьд гарсан. Харин түүний аав хүүгээ орхин, үүрд оджээ.

Осолдсон онгоцонд Өмнөд Америкийн аваргуудын лигийн шигшээ тоглолтыг сурвалжлахаар 22 спортын сэтгүүлч зорчиж явсан ба тэдний нэг л амьд үлджээ.

“Шапекоэнсе” багийн эсрэг шигшээ тоглолтод өрсөлдөх байсан Колумбийн “Атлетико национал” клуб аваргын цомыг Бразилийн багт үлдээх хүсэлтийг зохион байгуулагчдад тавьжээ.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж