Хүлээлт үүсгэсэн “Алтан бөмбөг”

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Хүлээлт үүсгэсэн “Алтан бөмбөг”

Монголын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах "Алтан бөмбөг" ёслол арванхоёрдугаар сарын 12-нд болно. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулдаг энэ арга хэмжээ дөнгөж хоёр дахь жилдээ болох гэж байгаа ч Монголын спортын салбарын хамгийн өндөр хүлээлттэй ёслол болжээ.

"Алтан бөмбөг-2016" ёслол шилдэг эрэгтэй тоглогч, шилдэг эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдлийн шигшээ багийг тодруулна. Хамгийн гол шалгуур болох эрэгтэйчүүдийн шилдэгт нэр дэвшсэн 23 тоглогчийг МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд тухайн тоглогчийн улирлын турш талбайд гаргасан амжилт, үзүүлсэн статистикийг дүгнэж, нэр дэвшүүлсэн байгаа. Мөн улиралд хамгийн сайн тоглосон легионер хөлбөмбөгчид энэ жилийн "Алтан бөмбөг"-т нэр дэвшиж байгаагаараа онцлогтой.

Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулахад "Хүрхрээ" дээд, "Хүрхрээ" нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, 14 спортын сэтгүүлчээс бүрдсэн нийт 54 хүн санал өгнө. Харин “Бэлгэдлийн 11”-ийг МХБХ-ны сайт дахь олон нийтийн санал болон санал өгөх эрхтэй хүмүүсийн саналын нийлбэрээр тодруулах юм. Ингэхдээ олон нийтийн саналыг нэг саналд буюу 55 дахь саналаар тооцох ажээ. Олон нийтийн саналыг арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн МХБХ-ны албан ёсны www.mff.mn сайтаар дамжуулан авч байна.

“АЛТАН БӨМБӨГ”-Т НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

“БЭЛГЭДЛИЙН 11”

“Бэлгэдлийн 11”-д 23 тоглогч нэр дэвшсэн. Хөлбөмбөг сонирхогчид байрлал бүрт нэр дэвшсэн шилдгүүдээс нэг тоглогчид /1 хаалгач, 1 хамгаалагч, 1 Хагас хамгаалагч, 1довтлогч/ өөрийн фэйсбүүк хуудсаар дамжин санал өгөх эрхтэй.

Шилдгүүдийг тодруулахад дээр хэлсэнчлэн “Хүрхрээ” дээд лиг, “Хүрхрээ” нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч, ахлах дасгалжуулагч, спортын 14 сэтгүүлчээс бүрдсэн нийт 54 хүн санал өгөх ба олон нийтийн санал нэг саналд буюу 55 дахь саналд тооцогдоно. Санал хураалт арванхоёрдугаар сарын 10-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.


ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ

Энэхүү номинацид 11 тоглогчийг нэр дэвшүүлжээ. Эмэгтэй тоглогчдын хувьд олон нийтийн санал хураалтад оролцохгүй бөгөөд 11 тоглогчоос гурвыг шигшиж, тэдгээрээс шилдгийн шилдэг нэг тоглогчийг тодруулна.


ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ

Энэ номинацид таван дасгалжуулагч нэр дэвшлээ. Улирлыг "Супер цом"-тойгоор эхлүүлсэн "Эрчим" клубын дасгалжуулагч З.Баттулга багаа "Хүрхрээ" үндэсний дээд лигт түрүүлүүлээд зогсохгүй Монголын шигшээ багийг удирдаж зургаан тоглолт хийхдээ 3 хожигдол, 1 тэнцээ, 2 хожил байгуулсан. Харин дээд лигт "Эрчим"-тэй хамгийн ширүүн өрсөлдөөн үзүүлсэн багуудын нэг "Хангарьд" клубын дасгалжуулагч М.Отгонбаяр залуусаа удирдан "Хүрхрээ" үндэсний дээд лигийн мөнгө, "Холбооны цом"-н аваргын алтан медалийг хүртсэн. Мөн Орхон аймгийн баг талбайн улиралд "Үндэсний цом"-ын мөнгө, "Монголын Бүх Ард Түмний XIV наадам"-ын аваргын цомыг өргөсөн билээ.

Энэ жагсаалтад багтсан энгийн хэрнээ эгэлгүй эрхэм бол Дорнод аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Наранбаатар юм. Тэрбээр талбайн улиралд багаа удирдан "Монголын бүх ард түмний XIV наадам"-ын мөнгө, УАШТ-ий алт, "Үндэсний цом 2016" тэмцээний алтан медалийг хүртсэн учраас жагсаалтад багтах нь зүйн хэрэг. Түүнчлэн "Хүрхрээ" үндэсний дээд лигийн хүрэл медальт С.Пүрэвсүх, "Холбооны цом"-ын мөнгөн медальт Серби мэргэжилтэн Вожислав Бралусич нар "Шилдэг эрэгтэй багийн дасгажлуугч" номинацид нэр дэвшжээ.


ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ

Энэ номинацид дээрх таван дасгалжуулагч нэр дэвшив. МХБХ 2016 онд "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн тэмцээнийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэ жилийн УАШТ-ий түрүүг "Хад" клуб хүртсэн бол Лигийн аваргаар "Арвис" клуб тодорсон билээ.

Б.БАЯСАХ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж