Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий

ӨЧИГДӨР /2016.11.30/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

  • Зах зээлд 6600 орон сууц зарагдахаар эзнээ хүлээж байна гэсэн судалгаа гарчээ. Хүйтний улирал эхэлж, орон сууцны борлуулалт буурсанаас зарим компани орон сууцны борлуулалтаа түр зогсоосон, ипотекийн зээл түр зогссон зэрэг үзүүлэлтээс орон сууцны борлуулалт нэмэгдээгүй гэдгийг албаныхан хэллээ.


  • Ипотекийн зээл өнгөрсөн аравдугаар сард түр хугацаанд зогссон ч гэлээ 672 зээлдэгчид 34,7 тэрбум төгрөг олгосон байна. Олгосон зээлийн 24,2 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн зээл, 10,5 тэрбум төгрөгийг банкууд өөрсдийн эх үүсвэрээс олгожээ. Зээлийн дундаж хугацаа нь 16,2 жил бол зээлийн жилийн дундаж хүү нь 9,1 хувьтай гарчээ.


  • Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод инфляци 0,8 хувиар буурсан хэмээн Монголбанк өчигдөр /2016.11.30/ мэдээллээ. Хүнсний ногооны үнийн бууралт, мах, махан бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс шалгаалан инфляц буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, хүнсний ногооны бүлгийн үнэ -0,5 нэгж хувь, мах махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ -0,4 нэгж хувиар буурсан үзүүлэлт гарчээ.


  • Эрүүл мэндийн яам Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүжүүлэх тухай хуулийн төсөл санаачилсанаа өчигдөр /2016.11.30/ холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр хэлэлцүүллээ. Тодруулбал, архидан согтуурсан, архи хэтрүүлэн уусан иргэдийг эрүүлжүүлэх байранд бус эмнэлэгт хүргэдэг хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээс өдөрт архи хэтрүүлэн уусан 55-60 хүн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг болжээ.


  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхдийг АТГ-аас баривчлан саатуулаад байгаа. Тэгвэл АТГ-аас өчигдөр Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцон, мэдүүлэг өгөхийг шаардсан байна. 


  • УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 хувь нь МАН-ын гишүүдтэй холбоотой аж ахуй нэгж байдаг гэсэн мэдээллийг үгүйсгэсэн юм.


  • “Могул Скай”, “MSPD” гэх хоёр компани хоорондын өр, авлагаас болж “Могул Таун” хотхоны 250 өрхийн 1500 орчим хүн халаалт, дулаангүй өвөлжиж эхэлжээ. Айл бүр гэртээ халаагуур залгаж, гадуур хувцастайгаа байдаг болжээ. Айл бүр 1-2 цахилгаан халаагуур залгаад ч тасалгааны хэм 10 хүрэхгүй байдаг хэмээн оршин суугчид нь мэдээлсэн байна.


  • Оюутны сургалтын төлбөрийн зээлийг ирэх долоо хоногийн Даваа гаригаас олгоно хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ дэд сайд Ё.Отгонбаяр өчигдөр /2016.11.30/ хэллээ. Оюутны сургалтын төлбөрийн зээл олгох гэрээнд БСШУСЯ болон арилжааны банкууд, тухайлбал, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкны төлөөлөл гарын үсэг зурсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж