“Татлагын холбоо”, “Хартай сарлаг”, “Түмэн агтны төвөргөөн” зэрэг монгол аялгууг эх орондоо төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулсан Монголын үндэсний урлагийн “Домог” хамтлаг “Домог-10 жил” хүндэтгэлийн ойн тоглолтоо ирэх сарын 2-нд “Корпорэйт” зочид буудлын концертын их танхимд толилуулах гэж байна.
Тус хамтлагийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байна. Мөн тоглолтод Улсын филармонийн симфони оркестр, Улаанбаатар чуулгын бүжигчид, “Хурд”, “Увертюра” хамтлаг болон уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа, Б.Солонго, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцож, чуулгын хэмжээнд уран бүтээлээ толилуулах нь ээ.
“Домог” хамтлаг нь мэргэжлийн морин хуурын дөрвөл ба цохивор хөгжимчин бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй. “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Оршихтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
-“Домог” хамтлаг чуулгын хэмжээнд туурвиж уран бүтээлээсээ толилуулах юм байна. Удахгүй болох хүндэтгэлийн тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Юуны өмнө News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Домог хамтлагийн 10 жилийн ойгоор бид бүхэн өвөг дээдсийнхээ өв соёлыг тээж, орчин үеийн залуустаа түгээн дэлгэрүүлсэн. Өөрөөр хэлбэл, 10 жилийн тайлан тоглолт гэсэн үг. Монголын үндэсний өв соёл маань юугаар ч үнэлэгдэшгүй. Тийм учраас хойч үедээ залгамжлуулахад манай хамтлаг хичээн ажиллаж байна. “Домог” чуулга маань 2013 онд байгуулагдсан. Чуулгад маань Улаанбаатар чуулгын уран бүтээлчид уран нугараач, уртын дуучин гэх мэт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.
-Үндэсний урлагийн “Хөсөгтөн”, “Жонон”, “Алтан ураг” зэрэг цөөхүүл хөгжмийн хамтлагууд бий. Эдгээр хамтлагаас “Домог” юугаараа онцлог вэ?
-Монголын үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлагууд өөрсдийн гэсэн давуу тал, онцлогтой байдаг. Манай хамтлаг дөрвөл хөгжмийг алдагдуулахгүйгээр 10 жил тоглосон гэдгээрээ онцлог юм.
-Хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулан олон ажлыг зохион байгуулсан гэж дуулсан. Ойн хүрээнд хийсэн ажлаасаа танилцуулахгүй юу?
-Бид хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулан олон ажлыг зохион байгууллаа. Одоо хамгийн сүүлийн тайлан тоглолтоо хийх үлдсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд буюу хамтлагийнхаа төрсөн өдрөөр хэвлэл мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулсан. Мөн Идэр морин хуурчдын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж, Завхан аймгаас авьяаслаг морин хуурчийг шалгарууллаа. Өнгөрсөн зун аялал жуулчлалын өдөрлөгийг хийсэн. Учир нь, манай хамтлаг байгуулагдсанаасаа хойш тасралтгүй найман жил аялал жуулчлалын салбартай хамтран ажилласан байдаг.
-“Домог” хамтлаг байгуулагдаад 10 жил болох хугацаандаа гадаад, дотоодын олон хүнд морин хуур хөгжмийг заасан гэсэн. Одоо хэчнээн шавьтай вэ?
-Бид морин хуур хөгжмийг үлгэрлэн дууриаж, зааж өгсөн шавь олон бий. Манай хамтлагаас морин хуурч Д.Шинэцог, бид хоёр морин хуурын шавь сургалтыг явуулдаг. Миний бие Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн дунд сургууль дээр сургалт явуулдаг. Би Дундговь аймагт төрсөн. Тиймээс аймгаасаа жил бүр хүүхэд шалгаж авч, үнэ төлбөргүй морин хуур заадаг. Миний эхний шавь Соёл урлагийн их сургууль төгссөн. Бидний удаах шавь нар маань Соёл урлагийн их сургуульд суралцаж байна.
“Домог” хамтлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн болон албан айчлалаар ХБНГУ, Киргиз, Бразил, Саудын Араб, Швейцар улсуудад тоглосон. Мөн БНХАУ, АНУ, ОХУ, БНСУ, Япон, Польш зэрэг улсад хийсэн дахь албан айлчлалд оролцож, үндэсний урлагаа сурталчлан таниулж байжээ.
А.СҮРЭН