БНСУ Монгол Улсаас дахин 5000 хүнийг ажиллах хүчээр авахаар болсон билээ. Тэгвэл БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл маргаашнаас эхлэх гэж байна. Бүртгэл 26-28-нд гурван өдөр үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст болно. Иргэд бүртгүүлэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3.5*4.5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг, бүртгэлийн хураамж 30 мянган төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг бүрдүүлэх шаардлагатай аж. Түүнчлэн солонгос хэлний мэдлэгтэй, 18-39 насны, тус улсаас албадан гаргах захирамж гаргуулж байгаагүй, элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ өвчнөөр өвдөөгүй байх зэрэг шаардлагууд тавьж байгаа ажээ.
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд болон өмнө нь "Гадаадад ажиллах хүч илгээх төв" ХХК-д бүртгүүлсэн иргэд холбогдох мэдээ, мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн www.labornet.mn буюу www.hudulmur.mn вэбсайтын баруун дээд буланд байрлах "БНСУ-д ажиллах" цэснээс авч болох юм байна. Мөн тус вэбсайтын "онлайн туслах" болон 70121285, 1287 лавлах утсаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Хөдөлмөрийн төв бирж Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, V хорооллын Номун хотхоны 39 дүгээр байр, Орос III сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байранд байрлаж байгаа юм.
Г.Даша