“Могул Скай”, “MSPD” гэх хоёр компани хоорондын өр, авлагаас болж “Могул Таун” хотхоны 250 өрхийн 1500 орчим хүн халаалт, дулаангүй өвөлжиж эхэлжээ. Айл бүр гэртээ халаагуур залгаж, гадуур хувцастайгаа байдаг болжээ. Айл бүр 1-2 цахилгаан халаагуур залгаад ч тасалгааны хэм 10 хүрэхгүй байдаг аж.
Зайсангийн аманд байрлах уг хотхоныг таван жилийн өмнө ашиглалтад оруулахад л дулааны асуудлыг шийдээгүй байжээ. Жилийн дараа төвийн шугаманд холбоно хэмээн анх оршин суугчдаа оруулсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл холбоогүй. Оронд нь хоёр орон сууц халаах зориулалттай нам даралтын зуухаар тус хотхоны таван байрыг халааж байгаа нэрээр өнөөдрийг хүрсэн хэмээн оршин суугчид нь учирлалаа. Гэвч Зайсангийн аманд, агаар бохирдуулж, уурын зуухаар галлаж болохгүй хэмээн мэргэжлийн хяналтынхан хаажээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Могул Скай”, дулааны “MSPD” компани хооронд 500 гаруй сая төгрөгийн өр, авлага үүсчээ. Улмаар үл ойлголцол олон жил даамжирч, өнөөг хүртэл өрхүүдийн дулааныг холбохгүй иргэдийг хохироох болсон байна.
Тэд энэ хугацаанд хоёр компанидаа хандаад тусыг эс олсон тул нийслэлийн Засаг дарга, ерөнхий менежер, онцгой байдлын газарт удаа дараа хандсаар өнөөг хүрсэн байна.
Хотхоны оршин суугч Л.Солонго “Халаалтгүй учраас бүх айл гэртээ халаагуур залгадаг. Гэтэл үүнийг дагаад цахилгааны төлбөр 150-300 мянган төгрөг гарч байна. Нэгэнт халаалтгүй, даараад суугаад байлтай биш. Аргагүйн эрхэнд халаагуур залгадаг. Энэ хоёр компанид өнгөрсөн жилүүдэд хандаад өөрчлөлт гарсангүй. Тиймээс аргагүйн эрхэнд төр засагт хандаж байна” гэлээ. Үүнээс гадна айл бүр 1-2 халаагуур залгаснаас цахилгааны хүчдэл нь дийлэхгүй, шийт унасаар сүүлдээ шатах аюулд ч орж мэдэхээр байгааг оршин суугч Г.Хосбаяр хэллээ. Тэрбээр “Айл бүр халаагуур залгаснаас хүчдэл нь дийлэхгүй шийт унадаг. Тогны утаснууд нь хүртэл хайлж, ид хүйтний үеэр хотхон маань шатах аюултай гэдгийг ч мэргэжлийнхэн сануулаад байгаа” гэв.
Гэртээ үргэлж даарч хөрснөөс эрүүл мэндээрээ ч хохирч байгааг тэд онцлов. Оршин суугч Ч.Батсайхан “Гэрт 10 хүрэхгүй хэмийн л дулаантай байдаг. Бид мөнгөө төлөөд л энэ хотхонд орсон. Гэтэл хоёр компанийн хөрөнгө мөнгөний маргаанаас болоод өдий олон жил 1000 гаруй хүн хохирч байна. Үр хүүхэд маань гэртээ байнга даарсаар байгаад сүүлдээ хатгалгаа тусч, хүндэрсээр байна. Хотхон маань хөлдөлтийн байдалд орлоо. Оршин суугчид бид уур, уцаар, тэвчээр бүх юмаа барлаа. Одоо туйлдаж байна” хэмээн бухимдав.
Хэдий хоёр компанийн асуудал боловч оршин суугчид аргагүйн эрхэнд нийслэлийн захиргаанд хандсаар буйгаа хэллээ. Тэгвэл энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Тухайн оршин суугчид Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий менежер, онцгой байдлын газарт удаа дараа хандсан. Энэ дагуу Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ асуудлаар өчигдөр хуралдсан. Гол зорилго нь цахилгаан ЦТП-ийн асуудлыг шийдвэрлэх. Нэн яаралтай цахилгаан өгч, дараа нь байнгын цахилгааны хүчдэлтэй болгох юм. Улмаар төвийн халаалтын шугамд холбох асуудал бий. Уг нь хувийн хэвшлийн байгууллагын барьсан дулааны шугам ЦТП-ээс дулааны төв холболт хийж болно гэсэн техникийн шийдлийг наймдугаар сард Эрчим хүчний яамнаас гаргасан. Гэвч хоёр компанийн 500 гаруй сая төгрөгийн өр, авлагаас болоод өдийг хүртэл орон сууцнуудад дулаан өгөөгүй байна. Ямар ч байсан хоёр байгууллага хоорондоо гэрээ хийж, оршин суугчдын зөвлөл нь өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан дулааны төлбөрийг төвийн дулаанд холбогдсон цагаас эхлэн ээлж дараатайгаар төлье гэсэн шийдэлд хүрэхээр боллоо” гэсэн юм.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаярын хэлж буйгаар оршин суугчдад эхний ээлжид яаралтай дулаан өгөх талаас нь шийдвэрлэж байгааг хэллээ. Тэрбээр “Энэ асуудлаар ажлын хэсэг яаралтай гаргаж, миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Өчигдөр оршин суугч, компанийн төлөөллүүдийг хамруулан хуралдсан. Өнөөдөр хоёр компанийн захирлууд гэрээ байгуулж, эхний ээлжид оршин суугчдын дулааныг өгөх асуудлыг ярьж байна. Бямба гариг гэхэд эргэлтэд оруулах болов уу гэж тооцоолж байна. Дулааны хоолойг халаана, халуун уураар утахаас эхлээд хүндрэлтэй олон ажил бий. Эхний ээлжид олон талаас нь ярьж, хүндрэлтэй нөхцөл байдалд дулаан хангамжийг өгөхөөр боллоо. Гэхдээ цаашид хоёр компани мөнгө төгрөгийнхөө асуудлыг нэг тийш нь болгох тухай ч хэлсэн” хэмээн мэдээллээ.
Ямартай ч таван жилийн турш сунжирч, 1500 орчим иргэнийг чирэгдүүлсэн уг асуудлыг яаралтай зохицуулж, энэ амралтын өдрүүдэд шийдвэрлэнэ хэмээн албаныхан мэдээлсэн юм.
Б.ЗАЯА