ОХУ-ын Төрийн Думад өргөн барьсан хуулийн дагуу өдөрт 100 мянгаас дээш хэрэглэгчтэй гадаадын эзэмшилтай дуу болон дүрс бичлэгийн интернэт сервисийн эзлэх хувийг 20-иос хэтрүүлэхгүй байлгана хэмээн Коммерсант мэдээлсэн байна.
Хуулийн төслийг санаачлагчид нь Мэдээлэл, харилцааны холбооны гишүүд болох "Газпром-медиа" холдинг, мөн “СТС медиа" холдинг юм. Харин энэ холбоонд багтдаг "Вымпелком" болон МТС компаниуд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа ажээ. Хуулийн төслийг Төрийн Думын гишүүд болох Андрей Луговый, Шамсаил Саралиев нар өргөн барьжээ.
Хэрэв энэ хуулийг баталвал ОХУ-ын газар нутагт YouTube цацагдах боломжгүй болж байгаа юм. Мөн 100 мянгаас дээш хандалттай гадаадын сервисүүд тусгай шүүлтүүрийн програм хэрэглэх ажээ.
Нэрээ ил гаргахыг хүсээгүй эх сурвалж Коммерсант сонинд мэдээлэхдээ энэ хуулийн төсөл нь ирэх оны нэгдүгээр сараас Оросын зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байсан АНУ-ын Netflix компанийн эсрэг боловсрогдсон гэж хэлжээ.
А.ШАРАВ