Оюутны сургалтын төлбөрийн зээлийг ирэх долоо хоногийн Даваа гаригаас олгоно хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ дэд сайд Ё.Отгонбаяр өнөөдөр /2016.11.30/ хэллээ. Оюутны сургалтын төлбөрийн зээл олгох гэрээнд БСШУСЯ болон арилжааны банкууд, тухайлбал, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкны төлөөлө өнөөдөр гарын үсэг зурсан юм.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой бөгөөд сургуулиа төгсөж, ажил эрхээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх юм.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой гэж албаныхан үзэж байгаа аж. Энэ зорилгоор энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгасан байна.
Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.
Зээл хүссэн өргөдөл
Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
А.СҮРЭН