Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд үл мэдэх шингэн ууснаас хордон, дөрвөн хүн амь насаа алдаж, 17 хүн эмчлүүлж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид хийсэн шинжилгээгээр хүмүүсийн хэрэглэсэн шингэн зүйл нь техникийн спирт болох нь тогтоогджээ.
БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны зүгээс Ховд аймгийн Байтагийн хилийн боомт хүртэлх 120 км замыг бэлэглэлийн гэрээгээр тавихаар болжээ. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн айлчлал, уулзалт, уйгагүй хүсэлтийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавиулах гэрээг байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийж, 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүллээ.
Ардчилсан нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа үндсэн дүрмээ шинэчлэхээр болсон. Дүрмийн шинэчлэлээр гишүүдээ цахимжуулах, санхүүжилтээ нээлттэй болгох, мөн ҮЗХ-ны гишүүдийнхээ тоог өсгөх, намын даргаа намын бүх гишүүдээсээ сонгодог болох зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Тус намын ҮЗХ-ноос Их хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилжээ.
УИХ-ын гишүүн асан А.Тлейханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилжээ. Тэрээр өчигдөр /2016.11.28/ тамгаа хүлээн авч, ажилдаа орсон байна. А.Тлейханы хувьд эрчим хүчний салбарт 32 жил ажилласан, Монгол Улсын зөвлөх инженер, УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай, эрчим хүчний салбарын мэргэжлийн хүн юм.
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүллээ. Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн, байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь энэхүү бүртгэлийн ажиллагаа юм.
Монголын ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмад настануудыг 60 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг аж. Тиймээс Ахмад настны тухай хуулийн 9-р зүйлд ахмад настан хөдөлмөр эрхлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хэд хэдэн заалтыг оруулж өгчээ.
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Байнгын хороогоор хэлэлцсэн эхний асуудал бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд байсан. Гэвч энэ хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Учир нь энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ирээгүй тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.