Энэ долоо хоногийн мягмар гариг /2016.11.29/ Хууль зүйн байнгын хороо хуралдсан. Хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхээр товлосон билээ. Байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлж, завсарлага авсан.
Хууль зүйн байнгын хорооноос өгсөн завсарлагыг ажлын таван өдрөөр тооцож, арванхоёрдугаар сарын 6-нд дуусч байгаа юм. Гэтэл арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан намын зургадугаар их хурал хуралдана. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байхад Ардчилсан намын их хурал болж байхаар таарч байна.
Тиймээс өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын хэлэлцүүлгийг дахин хойшлуулах санал тавьсан. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд “даргын зөвлөл хуралдахад УИХ-ын дэд дарга Я.Санжмятав байсан. Тухайн үед юу ч хэлээгүй. Гэтэл одоо нэгэнт баталсан асуудлыг хойшлуулаад өг гээд байх юм. Хойшлуулах боломжгүй” гэсэн хариуг өглөө.
Иймд Ардчилсан намын гишүүд Хөгжлийн банк уу, зургадугаар их хурал уу гэдгээ сонгохоос өөр аргагүй болох нь.
Т.НОМИН