Орхон аймгийн Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс ажил олгогч байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахыг уриалж нөлөөллийн ажил зохион байгууллаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа 4, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. 111.2 аж ахуй нэгж байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө гэж заасан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрт энэ онд 3 байгууллагаас 8,9 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлжээ.Аж ахуй нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ нь Улаанбаатар, Орхон Дархан уул аймагт 50 хүртэлх ажиллагсадтай бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40 хувиар, 51-ээс дээш бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь байдаг байна.
Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол байнгын ажлын байраар хангасан хүний тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог байна. Энэ онд уг урамшууллыг 4 байгууллага авчээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN