Төгсгөлийн бүлэг (Цуврал 63)

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Төгсгөлийн бүлэг (Цуврал 63)

Улаанбаатарын нэгэн зочид буудлын өрөөнд Англиас ирсэн геологичийг хэрцгийгээр хороожээ. Учиг гогцоо нь үл тайлагдах учир битүүлэг хэргийн араас хөөцөлдсөн цагдаагийнхны эрэл мухардлаа. Гэтэл говийн нэгэн жуулчны баазад дахин хоёр хүн алагдав. Нэг нь Америкаас ирсэн жуулчин. Нөгөө нь баазын менежер. Хохирогч үнэхээр жуулчин байсан уу? Аллагууд хоорондоо холбоотой юу? Аймшигт цуврал аллагын захиалагч хэн байв? Алтны нинжа энэ хэрэгтэй ямар холбоотой вэ? Мөрдөн байцаагч Нэргүй энэ хэргийн халуун мөрөөр мөшгинө. Английн Засгийн газраас энэ хэрэг дээр ажиллуулахаар томилсон туршлагатай мөрдөгч Дрю Улаанбаатарт хэдхэн хоноод алуурчинд барьцаалагдсан нь байдлыг улам ч ээдрээтэй болгож орхино. Английн детектив зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” нэртэй романы үйл явдал ийнхүү онц сонирхолтойгоор өрнөнө. Уг романыг бид орчуулан цувралаар хүргэж байна. Ээдрээт хэргийн араас хамтдаа мөрдөцгөөе.

Хорин тав

Гадаа цас малгайлан орж байлаа. Нэргүй цонхны тавцан дээр суугаад төв талбайн гудамжны гэрэлд тодхон харагдах цасан ширхгийг ширтэн сууна.

“Маклиш тэгээд зүгээр үү?” хэмээн сайд асуулаа. Түүний ширээ хэзээний заншил ёсоор цэв цэвэрхэн. Зөвхөн хуучны загварын үзэг, бэх харагдана. Хэдэн бичиг цаас өмнө нь дэлгээтэй байгаа нь загвардсан хэрэг хэмээн Нэргүй бодов. Зүгээр л завгүй юм шиг харагдах гэж тэр. Будрах цаснаас харцаа салган сайдын зүг эргэн харлаа. “Бие хаа нь ч зүгээр ээ. Эмч биеийг нь үзсэн. Энд тэнд нь жижиг хэмжээний зүсэгдсэн шарх байна билээ. Бас удаан хугацаагаар хоол, ундгүй байснаас сульдсан. Өөрөөр ноцтой зүйл байхгүй. Сайхан амраад, хоол унд идчихвэл гайгүй болчих байх аа”

Элчин сайд мөн энэ өрөөнд сууна. Өвөр дээрээ байгаа хэдэн цаас руу ямар ч зорилгогүй ширтэнэ. Тэр цаасан дээр ямар нэг чухал, хэрэгтэй зүйл байгаа юм болов уу даа хэмээн Нэргүй бодлоо. Бас л нэг загвардсан эд үү? Энэ хорвоогийн амьдралыг яасан бага ойлгож явснаа тэр ухаарч эхэллээ.

“Гэсэн ч тэр хэцүүхэн давааг давлаа даа” хэмээн Элчин сайд өгүүлэв.

“Тэгж хэлж болно оо. Тэр маш их айж, чичэрч байсан. Хэн ч байсан тэгэх л байсан. Өчнөөн цаг тийм байдалд байсан юм чинь. Гэхдээ, мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй байна аа” хэмээн Нэргүй түүний үгийг зөвшөөрөв.

“Танай цагдаа маш сайн ажилласан. Би Британи руу холбоо барьсан. Тэнд иймэрхүү хүнд цочролын дараах эмчилгээ, асаргааг сайн хийдэг. Дрюг бид өнөө орой тусгай нислэгээр нисгэнэ. Венээр дайраад Лондонд бууна. Энд тэндхийн хэвлэлүүд ирж, юу болсон талаар мөрдөж эхлэхэд тэр хэдийнэ явчихсан байх болно. Тэгээд эрчимтэй эмчилгээнд цаг алдалгүй орно”

“Сайн хэрэг байна” хэмээн Нэргүй чин сэтгэлээсээ баярлан өгүүлэв. “Тэр тамд очоод ирсэн. Ямархуу байсныг нь төсөөлж ч чадахгүй байна”

“Максон алуурчин байгаагүй нь сайн хэрэг” хэмээн Хууль зүйн сайдын хэлэхэд Нэргүй нүүр өөд нь ширтлээ. Өөрийн бодлоо хэлэх гэснээ хэлээ хазлаа. “Энэ хэргийг яаж харахаас шалтгаална л даа” хэмээн эцэст нь өгүүлээд “Ингэхэд Уильсон яасан бэ?” гэж асуулаа.

Сайд хэсэг зуур эргэлзэн дуугүй байснаа Элчийн сайд руу харав “Түүнийг бидэнд хүлээлгэж өсгөн. Бид түүнийг харж хандана аа” хэмээн Элчин сайд хариулав.

“Тэр чинь юу гэсэн үг вэ?” гэж Нэргүй лавлав.

“Тэгсэн л үг. Бидний гарт байгаа”

Нэргүй харцаа Элчингээс сайд руу шилжүүллээ. Хоёулангийнх нь царай ямар ч хувиралгүй, тайван. “Танай орны ёс суртахуун, үнэнч шударга хууль цаазад итгэж байна аа” хэмээн эцэст нь тэр өгүүлэв. Сайд толгой дохиж харагдана. “Яг зөв, Нэргүй. Бид бүгдээрээ энэ хэрэг явдал ийнхүү эцэс болсонд баярлах хэрэгтэй шүү дээ. Ялангуяа чи” хэмээн Нэргүй рүү харахад мөрдөгчийн чихэнд сүүлийн хоёр үг тун түгшүүртэй сонсогдов.

“Би бүх чадлаа дайчилж ажилласан. Доржпалам л чухал сэжүүрийг гаргасан. Миний гавьяа гэж хэлж чадахгүй. Бас өөрийгөө муу ажилласан ч гэж хэлэхгүй”

“Иймэрхүү зүйл хэзээ ч амар хялбар байдаггүй, Нэргүй”

“Үгүй дээ, сайд аа. Ийм олон ашиг сонирхол хутгалдсан хэрэг гарч байгаагүй. Жирийн цагдаа хүнд хэтийдсэн ажил байлаа”

Сайд түүн рүү ширтэв. “Би чамайг хэзээ ч жирийн цагдаа гэж бодож байгаагүй. Тэр чиний л бодол байх” гээд инээмсэглэлээ. “Гэхдээ би чамайг энэ бүхний учрыг олж чадсанд туйлын баяртай байна. Маклиш эсэн мэнд байна. Солиотой алуурчныг ч барьлаа”

“Аюултай хоёр ч этгээдээс саллаа”

Сайд мөрөө хавчлаа. “Максон байдаг л нэг гэмт хэрэгтэн. Америкт түүний нэр дээр албан ёсоор ямар нэг ноцтой хэрэг бүртгэгдээгүй. Гэхдээ тэд ярьж байгаагаасаа илүү мэдээллийг мэдэж байгаа нь ойлгомжтой. Холбооны мөрдөх товчоотой холбогдсон. Тэд Максоныг алагдсанд тэгтлээ гайхахгүй байна билээ. Иймэрхүү сөргөлдөөн гарч л байдаг. Түүнийг болоод хамтрагчийг нь хүмүүс нэг их үгүйлэхгүй биз дээ”

“Таны хэлсэн зөв байх аа”

“Нэргүй, чи чадвартай хүн. Энд буцаад ирвэл бид их баярлах болно шүү”

“Би мэдэж байна аа” гээд Нэргүй муухан инээмсэглэв. “Би харин Доржпаламыг энд ирвэл баярлах байна. Тэр гайхалтай сайн ажилласан. Өөрийнхөө ирээдүйн тухай бодож байна л даа. Би бол жирийн л нэг цагдаа хүн. Гэмт хэргийн араас хөөцөлдөж явахдаа л жаргалтай байдаг гэдгээ ойлгож эхэлж байна”

“Элчин сайд айсан байх аа” хэмээн Нэргүй хэлэв.

Маклиш инээмсэглэнэ. Одоо хүртэл хөндүүрлэн өвдөх хөлөө арын суудлын багахан зайнд аль болохоор нь тэнийлгэн суулаа. “Онгоцны буудалд дээр бас нэг цаг тэр нөхөртэй хамт байж, цуврал аллага үйлдсэн алуурчныг баривчлахад байгуулсан гавьяанд минь баяр хүргэхийг сонсоно гэхээс аймшигтай байна шүү” гээд гашуунаар инээд алдлаа. “Сандал дээр хүлээтэй хоёр хоног хэвтсэн гавьяатай” хэмээн инээмсэглэв.

“Гэхдээ ч сүүлийн мөчид үхлийн хаалгыг татаад хаасан” хэмээн Нэргүй чин сэтгэлээсээ өгүүлэв.

“Уильсон туслахаар ирээгүй бол би ч буудуулчих байсан байх аа”

“Уильсон туслахаар ирсэн үгүйг бид мэдэхгүй шүү дээ. Тэр найзынхаа төлөө буу бариад зогсож байсан ч юм бил үү”

“Магадгүй ээ. Бурхан минь, хорвоо гэж”

“Максон чамайг буудах байсан эсэхийг мэдэхгүй. Мухардалд ороод юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан биз. Түүнд байгаа цорын ганц наймааны өгөөш нь чи байсан шүү дээ”

“Тэр тийм байдалд нь орох нь аргагүй. Өөрийг нь нээрээ л хүн мөшгиж байсан байна” гээд Маклиш хэсэг дуугүй байсны эцэст “Ойлгохгүй юм аа. Уильсон оросуудын талд ажилладаг юм болов уу?” гэж асуулаа.

“Хэн мэдэх вэ. Энэ бүхнийг дэлхийн капитализмын агуу хүч л гэж ойлгохоос. Тэд мөнгөө хаанаас орж ирж, хаашаа урсаж байна гэдгийг хайхардаггүй. Зөвхөн өөрсдөө хувь хишгээ хүртэх нь л чухал. Тийм болохоор мөнгөтэй завийг хэн ч саатуулахгүй. Максон өөрийн хүмүүстээ ч төвөг болж эхэлсэн байх. Эсвэл би хэтэрхий хардаад байна уу?”

“Энд хамт байхдаа анзаарснаар бол чи хартай хүн биш ээ”

Хоёр мөрдөгч шөнийн харанхуйд хурдлан давхих машин дотор дуугаа хураан явна. Онгоцны буудал хүрэх замдаа уурхайн жижигхэн дүүргийн хажуугаар өнгөрөв. Нэргүй хүнд даацын машин, нүсэр техникийг цонхоор ширтэнэ. Маклиш түүнд хандан “Энэ дүүргийг анх хараад надад юу гэж бодогдсон гээч. Яг л тамын хаалга шиг гэж бодсон” хэмээн өгүүлэв.

“Чи манай орныг харж байгаагаасаа илүү ойлгож, мэдэрч байх шиг байна” гэснээ Нэргүй “Гэхдээ чиний бодол буруу байгаасай” хэмээн сүүрс алдав.

“Сүүдрээр алхагч” роман хэвлэгдэн гарлаа

Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” роман орчуулагч Б.Цацралын орчуулснаар хэвлэгдэн гарлаа. entertainment.news.mn сайтаар уг зохиолыг цувралаар уншдаг уншигчдад энэ нь тун таатай мэдээ байх болов уу. Ээдрээт хэргийн араас мөрдөгчийн хамт мөшгин адал явдалд хөтлөгдөхийн хажуугаар өнөөгийн Монголын нийгмийг өөрийн нүдээр зураглан дүгнэсэн зохиолчийн сонирхолтой үгсийг унших боломжийг энэ ном олгоно.

“Энэ бол нэн сонирхолтой роман. Монгол орныг зурагласан дүрслэл нь баялаг бөгөөд сэтгэл татам” хэмээн Британийн “Индэпэндэнт” сонинд бичжээ. АНУ-ын “Лайбрари журнал” харин “Эрдэс баялаг, бизнесийн төлөөх өрсөлдөөн хүчтэй давалгаалж эхэлсэн төдийлөн танил бус орны тухай төсөөллийг Уолтер бидэнд өгсөн байна” гэсэн юм.

“Баялаг гэдэг хэмжээтэй. Гэсэн ч яг одоохондоо дуусахгүй мэт санагдах арвин нөөцтэй нутагт урьд хожид авч байгаагүй их алт олборлож, үүнээс ашиг, хувь хүртэхээр хошуурцгааж байна” гэсэн мөрүүд уг номд бий. Зохиолчийн сэтгэлд манай орон ийнхүү бууж. 2006 онд бичигдсэн ч энд дүрсэлсэн энэ мэт нийгмийн үзэгдэл өнөөдөр бидний тархи, зүрхийг өргөс мэт хүчтэй өвтгөх болсон. Тиймээс уншигчдын сэтгэлд лавтайяа нийцэх буй за.

“Сүүдрээр алхагч” номыг “Интерном”, “Мир”, “Билиг”, Улсын их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүдээр борлуулж байна. 1617 болон suudreeralkhagch@yahoo.com хаягаар номын захиалга өгч болох бөгөөд үнэгүй хүргэж өгнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж