Гадаад харилцааны сайд энэ уулзалтын үеэр Канад, БНСУ, Япон, ОХУ, АНУ болон Индонезийн Гадаад хэргийн сайд нар мөн ЕХ-ны төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайд Япон, АНУ-ын талтай уулзахдаа Монгол Улс тус хоёр улс болон бусад улс орнуудтай цөмийн салбарт хамтран ажиллахдаа юуны өмнө “Цөмийн энергийн тухай”, “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” болон “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай” Монгол Улсын хуулийг чанд баримтлах бөгөөд энэ хүрээнд цацраг идэвхт хог хаягдлыг Монгол Улсад оруулах, хилээр дамжуулан тээвэрлэх, хадгалах, байршуулах талаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийх үндэслэл байхгүй болохыг нотлов. Япон, АНУ-ын тал Монгол Улсын бодлого, байр суурийг ойлгож хүлээж авч байгаагаа хариу илэрхийлэв.
БНСУ, Япон, ОХУ мөн АНУ-ын тал Монгол Улсын эрдсийн томоохон орд газрын ашиглах асуудлаар байр сууриа илэрхийлсэн бол Индонезийн талтай хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах, мөн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, тухайлбал Соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Хөрөнгө оруулалтын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа мөн Дипломат, албан пасспорттой иргэдийг визээс чөлөөлөх тухай хэлэлцээрийг сунгах тухай баримт бичигт тус тус ойрын хугацаанд гарын үсэг зурах чиглэлээр ажиллахаар тохиров. Түүнчлэн Европын Холбоо Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засгийн жагсаалтаас хасах, мөн Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээх асуудлыг нааштайгаар судалж буйгаа мэдэгдсэн болно.
АРФ нь 1994 онд эхэлсэн, бүс нутгийн 27 улс орныг нэгтгэсэн улс төр, аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцээний үйл явц бөгөөд энэ удаагийн сайд нарын уулзалтын үеэр БНАСАУ, БНСУ хоорондын уулзалт явагдсанаас гадна Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт яриа хэлцээний оролцогч АНУ, БНСУ, Японы гурван талт уулзалт мөн боллоо.