УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан үдээс хойш /2016.11.30/ боллоо. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжсэн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Гэтэл Боловсролын тухай хуульд заасан “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж заасан. Харин Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувьд төрийн төлөөлөл байна” гэж заасан. Эдгээр хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа тул Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хуулийн төслийг танилцууллаа.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга “Өнгөрсөн парламентын үед боловсролын байгууллагын дампуурал эхэлсэн. Тиймээс одоо хийх томилгоогоо улс төрийн өнцгөөс харж шийдэж болохгүй. Мэргэжлийн хүнээр сургуулиа удирдуулаасай гэж хүсэж байна. Мөн оюутны байгууллагын төлөөллийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болох юм гэж би бодож байна. Цаашид их дээд сургуулийн бодлогын өөрчлөлтийг бага хийгээсэй. Тэгэхгүй бол сайд гарч ирээд боловсролын шинэчлэл ярьдаг. Тиймээс боловсролын хуулиа юу юугүй өөрчилж болохгүй шүү гэдгийг Боловсролын яамныханд хандаж хэлмээр байна” гэв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Удирдах зөвлөлийн 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл байна гэсэн заалтыг 51 болгох гэж байгаа юм байна. Миний хэлэх гэсэн зүйл бол нам гарч, Засгийн газар солигдох бүрт их дээд сургууль, коллежийн удирдлага солигддог. УИХ-ын зарим гишүүн төгссөн сургуулиараа далимдуулж Удирдах зөвлөлд орохыг эрмэлздэг. Би Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болмоор байна, манай сургуулийг төгсөөгүй хүн Удирдах зөвлөлд орох гээд байна гэх мэт гүйлдээд эхэлдэг. Тиймээс улс төрөөс хараат болчих гээд байдаг тал дээр анхаараарай” гэв.
Ийнхүү байнгын хорооны гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд дэмжив.
Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай байлаа. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй. Харин Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нэрээ сольж Хөдөлмөр, нийгмийн хамгаалын хамгааллын яам болсон. Мөн Хууль зүйн яам Хууль зүй дотоод хэргийн яам болж нэрээ сольсонтой холбоотой зарим нэр томьёог өөрчлөх шаардлага гарсан аж.
Уг асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүд байгаагүй тул хуулийг төслийг дэмжлээ.
Харин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх гишүүдийг томилох, чөлөөлөх асуудал яагаад орж ирээгүй юм бэ гэж байнгын хорооны гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас асуусан. Гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт аль хэдийн дууссан. Энэ зөвлөлд орох бүрэлдэхүүний нэрсийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаад хариу ирүүлсэний дараа УИХ-д танилцуулна гэж Н.Номтойбаяр сайд тайлбарлав.
Т.ДАВААНЯМ