УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Үүнд Н.Мандуулыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилох, Ж.Цэрэнрагчаагийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудал багтсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ганцхан гишүүн асуулт асуув. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Өөрөө Сангийн яаманд санхүүгийн зах зээлийн чиглэлээр ажиллаж байсан байна. Санхүүгийн салбарт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал чухал байна. Ингэж чадвал зээлийн хүү өрсөлдөөний зарчмаар буурна. Гэтэл ахиц гарахгүй байна. Тиймээс хувь хүний хувьд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр юу хийнэ гэж бодож байна вэ?” гэв. Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Мандуул “Гишүүний асуултад Тантай санал нэг байна. Хороо бол хурлын зарчмаар шийдвэр гаргадаг. Түүнд Сангийн яаманд ажиллаж байсан хүний үүднээс дуу хоолой болно. Би хөрөнгөийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр гурван ажил хийхээр төлөвлөсөн” гэв.
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Мандуулыг хуралдаанд оролцож буй гишүүдийн 69,6 хувь нь дэмжиж, томилов.
Т.НОМИН